Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чухал салбар
болох Жижиг дунд бизнесийн салбарыг сонгон судалсан ба Монгол улсын ЖДБ-ийн
салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, ЖДБ эрхлэгчдийн дунд судалгаа
явуулж, үр дүнг гаргалаа. Энэхүү судалгаанд хүн амын тал хувь нь оршин суудаг, ЖДБ
эрхлэгч хувь хүмүүс, ААН-ийн дийлэнх хувь нь үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар
хотоос 89 ЖДБ эрхлэгчдийг хамруулан ажиллалаа. Судалгааны мэдээллийг
түүвэрлэлтэнд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдээс санал асуулга бөглүүлэх, ярилцлага авах
хэлбэрээр бүрдүүлсэн. Түүвэр судалгаанд хамрагдсан ЖДБ эрхлэгч хувиараа хөдөлмөр
эрхлэгч болон аж ахуйн нэгжийн удирдлагын түвшнээс (эзэн, гүйцэтгэх захирал,
ерөнхий менежер, нягтлан бодогч зэрэг гүйцэтгэх удирдлага) авсан нь судалгааны үр дүн
бодитой гарах боломжийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.
Манай улсын хувьд ЖДБ эрхлэхэд макро эдийн засгийн байдал, нийгэм, хууль эрх зүйн
хэрэгжилт, дэд бүтэц болон санхүүжилттэй холбоотой асуудлууд хүндрэл учруулсан
хэвээр байна. Иймд энэхүү судалгааны ажлаар ЖДҮ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд
чухамхүү ямар төрлийн хүндрэл, бэрхшээл хамгийн ихээр тулгарч байгааг тогтоож,
түүнд нөлөөлж буй шалтгаануудыг илрүүлж, түүнийг шийдэх ямар арга зам байж
болохыг тодорхойлохыг зорьлоо.