Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь аудитын мөнгөн нэгжийн түүвэрлэлтийн
үндсэн процессыг судалж, бодит байгууллагын өгөгдөлд тулгуурлан уг процессыг MS
Excel орчинд хэрэгжүүлэх автоматжуулсан загвар боловсруулахад оршино. Судалгаанд
нэрийг нь нууцалсан аж ахуйн нэгжийн 2024 оны харилцах дансны зарлагын гүйлгээний
өгөгдлийг ашигласан.
Судалгааны хүрээнд аудитын мөнгөн нэгжийн түүвэрлэлтийн онол, арга зүйн
үндсийг судалж, олонлогийн дүн тодорхойлох, түүврийн хэмжээ тогтоох, түүврийн
интервал тооцох, selection point үүсгэх, түүвэрт хамрагдах гүйлгээг тодорхойлох зэрэг
үндсэн үе шатуудыг MS Excel орчинд загварчилсан. Мөн гүйлгээний шинж чанарт
суурилсан аналитик шинжилгээ хийж, бүхэл дүнтэй, давхардсан, амралтын өдөр
хийгдсэн болон өндөр эрсдэлийн ангилалд хамаарах гүйлгээнүүдийг тодорхойлсон.
Үүнээс гадна Benford-ийн хуулийг дэмжих шинжилгээний түвшинд ашиглан өгөгдлийн
тархалтын шинжийг үнэлсэн.
Судалгааны үр дүнгээс харахад боловсруулсан Excel загвар нь мөнгөн нэгжийн
түүвэрлэлтийн үндсэн үйл ажиллагааг нэгтгэн хэрэгжүүлэх, гар ажиллагааг бууруулах,
мөн аудитын анхаарал шаардлагатай хэсгийг илүү үр дүнтэй тодорхойлоход дэмжлэг
үзүүлж байгааг харуулсан. Иймээс уг загвар нь аудитын үйл ажиллагааны үр ашиг,
боловсруулалтын уялдаа болон практик хэрэглээнд ач холбогдолтой гэж үзэж байна.