Хураангуй:
Монгол Улсын Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын
гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг
сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр
заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Үүний
“холбож өгөх” гэдэг нь зуучлагчийн дангаар хүлээх үндсэн үүрэг мөн үү, эсхүл бусад
төрөл бүрийн зуучлалын үйл ажиллагааг багтаасан өргөн хүрээний ойлголт уу гэдэг нь
хууль зүйн хувьд тодорхой бус байна. Харин зуучлалын үйл ажиллагааг зөвхөн “холбож
өгөх” гэсэн ойлголтоор бүрэн илэрхийлэх боломжгүй. Зуучлагч нь практикт холбож
өгөхөөс гадна зуучлуулагчид мэдээлэл өгөх, гэрээний санал дамжуулах, хэлэлцээрт
туслах, зөвлөгөө өгөх гэх мэт олон талт зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Мөн
“холбож өгөх” үйлдэл нь зуучлагчийн хөлс авах эрхийг ямар нөхцөлд бий болгох вэ
гэсэн асуудал тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, зуучлагчийн хөлс авах эрх нь хэлцэл
бодитоор амжилттай байгуулагдсан тохиолдолд үр дүнтэй холбоотойгоор үүсэх үү,
эсхүл талуудыг холбож уулзуулах буюу хэлцэл хийх боломж, нөхцлийг бүрдүүлсэн
байхад хангалттай гэж үзэх үү гэсэн хоёр өөр ойлголтын аль нь хүчин төгөлдөр болох
нь эргэлзээтэй байна. Хуулийн зохицуулалтыг шууд утгаар нь тайлбарлавал зуучлагч
талуудыг холбож өгснөөр өөрийн үүргээ биелүүлсэнд тооцно гэж хязгаарлагдмал
хүрээнд ойлгогдохоор байна. Иймд “холбож өгөх” гэсэн энэ үйлдэлд холбогдох
зуучлагчийн хөлс авах эрхийн асуудлыг хууль зүйн онол болон шүүхийн практикт
тулгуурлан тодорхой болгох шаардлагатай байна