Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь Монголын удирдах ажилтнуудын
чадамжийн түвшинг үнэлэх, тэдгээрийн өнөөгийн чадамжийн байдал, хөгжлийн хэрэгцээ болон сайжруулах шаардлагатай чадамжуудыг тодорхойлоход оршино. Судалгааны хүрээнд удирдах ажилтны чадамжийн онолын суурь ойлголт, түүний хөгжлийн үе шат,олон улсад өргөн хэрэглэгддэг чадамжийн загваруудыг харьцуулан судалж, эдгээр загваруудад давтагдан илэрч буй нийтлэг чадамжуудыг тодорхойлон нэгтгэх зорилтыг дэвшүүлсэн болно. Ингэснээр онолын судалгаа болон эмпирик судалгааг уялдуулан, Монголын нөхцөлд тохирсон дүгнэлт гаргахыг зорьсон.
Судалгааны хүрээнд Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад
ажиллаж буй дунд болон дээд шатны нийт 182 удирдах ажилтныг эмпирик судалгаанд хамруулж, удирдах ажилтны чадамжийн өнөөгийн түвшинг тодорхойлохоос гадна байгууллагын хэлбэр, удирдах түвшин зэрэг зарим демографик хүчин зүйлсийн ялгаатай байдлыг шинжилсэн.
Судалгаанд олон улсад хэрэглэгддэг, баталгаажсан чадамжийн үнэлгээний
загварт тулгуурласан 70 асуулт бүхий асуумжийг ашиглаж, өгөгдлийг 5 шатлалт
Лайкертын шкалаар цуглуулсан. Цуглуулсан өгөгдөлд найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ (PCA), корреляцийн болон регрессийн шинжилгээ, мөн бүлгүүдийн хоорондын ялгааг шалгах статистик аргуудыг ашиглан иж бүрэн боловсруулалт хийсэн.
Шинжилгээний үр дүнд удирдах ажилтны чадамж нь гурван үндсэн хүчин зүйлд
бүлэглэгдэж байгааг тогтоосон бөгөөд эдгээр нь инновац, стратеги ба өөрчлөлтөд дасан зохицох чадвар, хүмүүсийг хөгжүүлэх ба нөлөөлөх манлайлал, сэтгэлзүйн удирдлага ба багийн ажиллагаа юм. Эдгээр чадамжууд хоорондоо эерэг бөгөөд статистикийн ач холбогдол бүхий хамааралтай болох нь нотлогдсон. Түүнчлэн зарим демографик үзүүлэлтүүдийн хувьд тодорхой хүчин зүйлүүд дээр ялгаа ажиглагдсан боловч ихэнх тохиолдолд чадамжийн түвшин нь хувь хүний хөгжил, байгууллагын орчин, удирдлагын соёлтой илүү нягт холбоотой болох нь харагдсан.
Судалгааны дүгнэлтээр Монголын удирдах ажилтнуудад стратегийн сэтгэлгээ,
инновац, өөрчлөлтийн удирдлага, мөн хүмүүсийг хөгжүүлэхтэй холбоотой чадамжуудыг цаашид системтэй, зорилтот байдлаар хөгжүүлэх шаардлагатай гэж үзэв. Иймд байгууллагын болон бодлогын түвшинд удирдах ажилтны чадамжид суурилсан нэгдсэн үнэлгээ, хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх, сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж дэвшүүлсэн болно.