Хураангуй:
Цагаан Лавай Чуулга нь гадаад жуулчдад зориулсан Монгол ардын урлагийн тоглолт
явуулдаг мэргэжлийн урлагийн байгууллага бөгөөд тус чуулгын маркетингийн харилцааны
өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлага нь
энэхүү дипломын судалгааны үндэслэл болсон. Төлөвлөгөөний зорилго нь тус
байгууллагын маркетингийн харилцааны стратегийг сайжруулах, татах ба түлхэх
стратегийг уялдуулан хэрэглэгч төвтэй маркетингийн харилцааны төлөвлөгөө
боловсруулахад оршино.
Тус дипломын ажлын хүрээнд эхлээд Нэгдсэн Маркетингийн Харилцаа (НМХ)-ны
онолын үндэс, олон улсын чиг хандлагуудыг судалж, Цагаан Лавай Чуулгын одоогийн
нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор 5C, SWOT, TOWS, PESTLE зэрэг иж бүрэн
шинжилгээ хийв. Үүний дараа хувиараа аялж буй жуулчид болон тур оператор
байгууллагуудын төлөөллийг хамарсан фокус бүлгийн ярилцлага, хоёрдогч мэдээлэлд
суурилсан хэрэглэгчийн хэрэгцээ, хандлагын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд
үзэгчдийн онцлог, худалдан авах зан төлөв, контент болон үйлчилгээний чанарт тавигдах
хүлээлтүүдийг тодорхойлсон.
Нэмэлтээр олон улсын 10 гаруй ардын урлагийн театрын маркетингийн туршлагыг
харьцуулан судалж, сторителлингт суурилсан контент, туршлагад суурилсан маркетинг,
дижитал сувгийн ашиглалтын туршлагыг судлав. Судалгаанд үндэслэн контент, түүний
хэлбэр, сувгийн оновчлол, зорилтот сегментэд нийцүүлсэн харилцааны стратегийн загварыг
боловсруулж, маркетингийн харилцааны хөтөлбөр, үр дүнг хэмжих, хяналт-шинжилгээний
загварыг орууллаа.
Иймд энэхүү төлөвлөгөө нь гадаадын жуулчдад зориулсан ардын урлагийн
байгууллагын маркетингийн харилцааг хэрэглэгчийн хандлага, сонирхол, олон улсын
туршлага, стратегийн онолын дүгнэлтүүдэд үндэслэн хөгжүүлэх боломжийг тусгалаа.