Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадварыг, ялангуяа ноолуурын салбарын жишээн дээр авч үзэн, түүний өнөөгийн байдал, сорилт, боломж болон өрсөлдөх чадварыг сайжруулах арга замыг тодорхойлох зорилготой юм. Судалгаанд Портерийн “Үндэсний ромбо зарвар”-ын хүрээнд Монголын ноолууран бүтээгдэхүүний салбарын стратеги, бүтэц, дотоодын болон гадаадын эрэлт, үйлдвэрлэлийн нөхцөл, холбогдох туслах салбарууд, засгийн газрын бодлого, гэнэтийн боломж зэрэг хүчин зүйлсийг шинжилж үнэлгээ хийв.
Судалгааны үр дүнд Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүн нь түүхий эдийн чанарын хувьд дэлхийд өрсөлдөхүйц боловч түүхий эдийн бэлтгэл буурах, үйлдвэрлэлийн технологийн дэвшил сул, хүний нөөцийн мэргэшил, инновацийн чадавх хангалтгүй зэрэг асуудлууд байгааг тогтоов. Мөн RCA (Харьцуулсан давуу талын индекс)-ийн өөрчлөлт, олон улсын өрсөлдөгч орны (Хятад, Итали, Франц) үзүүлэлтүүдтэй харьцуулсан дүн шинжилгээгээр Монголын өрсөлдөх чадвар тогтворгүй, дотоодын боловсруулах үйлдвэрийн үр ашиг харьцангуй бага байгааг харуулж байна.
Судалгааны төгсгөлд экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зөвлөмж, тухайлбал түүхий эдийн тогтвортой нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох, боловсруулах салбарт хөрөнгө оруулалт татах, брэнд хөгжүүлэх, олон улсын стандарт, технологийн шинэчлэлийг дэмжих зэрэг арга замуудыг санал болгож байна.