Хураангуй:
Жижиг, дунд үйлдвэрийн хөгжил нь Монгол Улсын эдийн засагт чухал байр суурийг эзэлдэг. Дунд хэмжээний боловсруулах үйлдвэрийн салбарыг сэдвийн хамрах хүрээгээр хязгаарлаад, дэмжих үйл ажиллагаа болох үйлдвэрлэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг аутсорсингоор гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг шийдвэр гаргалтын загварын тусламжтайгаар тодорхойлохыг эрмэлзлээ.
Ингэснээр, Захиалагч байгууллагын хувьд дэмжих буюу үндсэн биш үйл ажиллагааг аутсорсингоор гүйцэтгүүлснээр үндсэн үйл ажиллагаандаа анхаарах, нийлүүлэгч байгууллагын хувьд засвар үйлчилгээг үндсэн үйл ажиллагаагаа болгон ЖДҮ-ийн чадавхад дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.
Массачусэттс-Дартмоут их сургуулийн Sharon Ordoobadi /PhD/-ийн стратегийн шийдвэр гаргалтын хэд хэдэн загвар дээр суурилан гаргасан, “Аутсорсингийн стратегийн шийдвэр гаргалтын загварын хөгжүүлэлт” нэртэй өгүүллийн материал дээр тулгуурлан, нийт 25 асуулттай “Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аутсорсингийн шийдвэр гаргалтын загвар”-ыг боловсруулсан. Дунд хэмжээний үйлдвэрүүдийн шийдвэр гаргалтын түвшний 10 албан тушаалтнаас ярилцлага аван, “Дотооддоо гүйцэтгэх буюу өөрөө хийх” эсвэл “Аутсорсингоор гүйцэтгүүлэх” шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг цуглуулан бэлтгэсэн болно. Судалгааны бүрдэл хэсэгт:
• 1-р хэсэг. Хууль эрх зүйн болон дүрэмд нийцэх эсэхийг шалгах асуултууд
Энэ хэсэгт сэдвийн хамрах хүрээ буюу Дунд хэмжээний үйлдвэрийг ЖДҮ-ийн тухай хуульд заасны дагуу хязгаарлаж, судалгаанд хамрагдаж байгаа үйлдвэрүүдийг дунд хэмжээний үйлдвэрт багтаж байгааг тодорхойлох, мөн Түлш, эрчим хүчний сайдын 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт дахь “Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм”-ийн заалтад хамрагдаж байгааг харуулах зорилгоор боловсруулсан.
• 2-р хэсэг. Үйл явцыг тодруулах ярилцлага, асуулт
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний үйл ажиллагаа судалгаанд хамрагдаж байгаа үйлдвэрүүд дээр ямар хэмжээнд байгааг тодруулах зорилгоор боловсруулсан.
• 3-р хэсэг. Шийдвэр гаргалтын загвар (Sharon Ordoobadi, 2003)-ын хэсэг. Үүнд:
• Үе шат 1. Стратегийн үнэлгээ
• Үндсэн ур чадварыг тодорхойлох асуултууд
• Үйл явцын ач холбогдлын матрицын асуултууд
• Үе шат 2. Эдийн засгийн үнэлгээ
• Дотооддоо гүйцэтгэх(In-House) зардлын элементүүд
• Аутсорсинг(Outsource)-ийн зардлын элементүүд
• Δ Зардлын зөрүү
• Үе шат 3. Шийдвэрийн шинжилгээ зэрэг багтсан болно.