Хураангуй:
Дипломат халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалт ба түүний зүй бус ашиглалтыг хязгаарлах асуудал нь олон улсын эрх зүйн тулгамдсан асуудлын нэг болж буйг сүүлийн жилүүдийн бодит кейсүүд баталж байна. Дипломат эрх ямбыг гэмт хэрэг үйлдэх, эрх зүйн дархлааг хувийн ашиг сонирхолдоо ашиглах зэрэг зөрчлүүд нь зөвхөн тухайн улсад төдийгүй олон улсын харилцаанд ч итгэлцэл, шударга ёсыг алдагдуулж байна. Ялангуяа хөгжиж буй болон эрх зүйн тогтолцоо нь бүрэн төлөвшөөгүй орнуудад энэ нь ноцтой хүндрэл үүсгэдэг. Түүнчлэн, халдашгүй байдлын хүрээг хэт өргөн тайлбарлах, хяналтгүй үлдээх нь дипломат төлөөлөгчдөд хариуцлагаас зайлсхийх боломж олгож байна. Иймд энэ сэдвийг сонгосон үндэслэл нь олон улсын болон үндэсний эрх зүйд дипломат халдашгүй байдлыг хэрхэн зохицуулж байгаа, түүнийг хэрхэн зүй бусаар ашиглаж байгааг харьцуулан судалж, хууль зүйн зохистой тэнцвэрийг тодорхойлох зорилготой юм. Судалгаандаа харьцуулсан шинжилгээ, кейс судалгаа, олон улсын баримт бичгийн анализ зэрэг аргуудыг ашигласан. Эдгээр нь онол, практикийн уялдааг илүү бодитой харуулж, асуудлыг олон талаас судлах боломжийг олгож байна. Судалгааны үр дүнд олон улсын эрх зүйд суурилсан, Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц бодит санал, зөвлөмж боловсруулахаар зорьсон.