Хураангуй:
Улсын бүртгэлийн үндсэн харилцаа нь иргэний эрх зүйд тулгуурладаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хүрээнд олон маргаан үүсдэг. Компанийн хэлбэрээр бизнес эрхлэх нь бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт босгох, хязгаарлагдмал хариуцлага хүлээх зэрэг олон давуу талыг санал болгодог боловч компанийг удирдах, хөрөнгө болон хувьцааг шилжүүлэх, эсвэл бизнесээ өөрчлөн байгуулах зэрэг нарийн төвөгтэй харилцааг бий болгодог. Үүний зэрэгцээ компанийн дүрэмд өөрчлөлт оруулах болон компанийг байгуулахад захиргааны байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллагатай харилцах зайлшгүй шаардлага гардаг.
Хуулийн этгээдийн бүртгэлээс үүссэн маргаан нь хувийн эрх зүйн хүрээний иргэний хэрэг үү эсвэл бүртгэл хийсэн захиргааны байгууллагын акттай холбоотой захиргааны хэрэг үү гэдэг асуудал байнга тавигддаг. Шүүхийн шийдвэрлэх явцад маргааны шинж чанар, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, эдгээрийн уялдааг тодорхойлохгүй байх нь маргааныг буруу ангилах, асуудлыг шийдэх шүүхийн харьяалалд үл хамаарах дүгнэлт гаргах, эсвэл асуудлыг бүрэн шийдвэрлэхгүй орхих, улмаар шүүхийн ажиллагаа удаашрах зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна.
Энэхүү судалгаагаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргааныг тодорхойлох зорилгоор компанийг жишээ болгон авч, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тулгамдсан асуудлуудыг тодруулсан болно. Мөн ХБНГУ болон Япон улсын практикийг судлан, Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулалт хийж, илүү оновчтой шийдлийн талаар дүгнэлт гаргахыг зорьсон.