Хураангуй:
Монгол улсын хүрээнд олон нэр төрлийн жижиг дунд бизнесүүд үүд хаалгаа
нээсээр байна. Сүүлийн жилүүдэд түргэн хоолны салбараар үйлчүүлж буй иргэдийн
болон түргэн хоолны салбарын тоо нэмэгдсээр байгаа. Үүнтэй холбогдуулан түргэн
хоолны салбарыг сонгосон бөгөөд тухайн салбар дээрх хэрэглэгчдийн үнэнч байдлыг
судлахыг зорилоо. Судалгааны загварыг боловсруулахдаа Өмнөд Африкийн
менежментийн коллежийн судлаачид болох Ahmed I.Moolla болон Christo A.Bisschoff
нарын судалгааны загварын Moolla-н хэмжүүрийг ашиглана. Мөн Ahmed I.Moolla болон Christo A.Bisschoff нарын “Өргөн хэрэглээний барааны брендийн үнэнч байдлыг хэмжих эмпирик загвар” сэдэвт судалгааны ажлын арга зүйг боловсруулсан болно. Судалгаанд нийт 283 хүн оролцсон ба тус судалгааны ажлыг “Google Form” талбарыг ашиглан явуулсан. Асуулгын үр дүнд түргэн хоол хэрэглэгчдийн брэндийн үнэнч байдлыг тодорхойлохдоо нийт 12 хүчин зүйл 40 хувьсагч ашигласан ба эдгээр хүчин зүйлүүд брэндийн үнэнч байдалд хэрхэн нөлөөлж байгааг судласан. Судалгааны үр дүнд түргэн хоол хэрэглэгчид сэтгэл ханамж, брэндийн итгэл, мэдрэгдсэн үнэ цэнэ, брэндийн нөлөө, брэндийн гүйцэтгэл, брэндийн хамаарал болон харилцан хариуцлага түргэн хоолны салбар дээр ач холбогдолтой гэж гарсан.