Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд ББСБ-ын байгууллагын зээлийн хүүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох цаашлаад зээлийн хүү буурах боломжтой эсэхийг судалсан. Энэхүү зорилгод хүрэхийн тулд зээл, зээлийн хүү, түүнийг тооцох арга аргачлал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх онол арга зүйн судалгаа хийж, Монгол улсын ББСБ-уудын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар болон тоон шинжилгээний арга болох регресс, корреляцын шинжилгээний аргуудыг, чанарын шинжилгээний арга болох анкетын аргаар зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй 40 ББСБ-ын хувьд салбарын мэргэжилтэн, удирдах ажилтнуудаас судалгаа авч үр дүнг тооцсон, мөн санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийж гүйцэтгэлээ. Түүвэр судалгааны үр дүн болон тоон шинжилгээний ажлуудын үр дүнг нэгтгэн ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүүг бууруулах боломжит хувилбарыг санал болгов.
Судалгааны үр дүнгээс товч дурдахад зээлийн хүүнд гадаад дотоод орчны зүгээс олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь батлагдсан. Тухайлбал макро орчны хүчин зүйлс болох инфляцийн түвшин, төгрөгийн ханш, бодлогын хүү, эдийн засгийн төлөв байдал гэх мэт. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд тухайн байгууллагын зардал, ашигт ажиллагааны хувь хэмжээ зэрэг нь зээлийн хүү тогтооход нөлөөлж байна. ББСБ-уудын үйл ажиллагааны зардлыг нарийвчлан авч үзэхэд ББСБ-уудын нийт зардалыг 8 хувиар бууруулах боломжтой байв. Иймд ББСБ-ын нийт зардлыг оновчтой удирдаж зардлыг бууруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтойг ББСБ-уудын санхүүгийн тайлангийн шинжилгээ, корреляц болон регрессийн шинжилгээгээр баталлаа