Хураангуй:
Байгууллагын хувьд бараа бүтээгдэхүүн, хөрөнгөнөөс гадна ажилтнууд бол байгууллагын хамгийн том хөрөнгө юм. Тэд компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгодог, хэрэглэгчдийг татдаг. Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд чадварлаг, туршлагатай ажиллах хүчний эрэлт нэмэгдэж байгаа нь хүний нөөцийн ач холбогдол улам бүр өсөж байгааг илтгэж байна. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр явагдаж буй хүн ам зүйн өөрчлөлт, ажлын байрны орох гарах урсгал нэмэгдэх, мэдлэг, чадвартай түлхүүр албан тушаалтанг ажилд авах зэрэг нь бизнесийн байгууллагуудад томоохон сорилт болж байна. Тиймээс байгууллагууд хэрхэн өөрсдийн нэр хүндийг таниулж , хөдөлмөрийн зах зээл дээрх ажил горилогчдын хүлээлттэй нийцүүлэхээ мэдэх нь чухал юм. Үүнээс үүдэн хүний нөөцийн удирдлагын чиглэлээр 2 шинэ ойлголт бий болсон нь ажил олгогчийн брэнджүүлэлт ба урт хугацаанд ур чадварлаг ажилд орохыг хүсэгчидтэй харилцаа тогтоох менежмент юм. Энэхүү 2 хандлага нь байгууллагуудын хүчин чармайлтыг үр дүнтэй байлгах , зөв боловсон ажиллах хүчинг олж авах, хадгалахад дэмжлэг болох юм. Монгол Улсын хувьд дээрх ойлголтууд сүүлийн үед нэлээд эрчимтэй судлагдаж байгаа бөгөөд байгууллагууд хөдөлмөрийн зах зээл дээр өөрсдийн гэсэн брэндинг бий болгож, түүндээ хөрөнгө оруулалт хийснээр өөрсдөд нь ямар ач холбогдолтой вэ? гэдгийг ойлгож эхэлж байна. Манай улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон чухал салбар бол уул уурхайн салбар юм. Газар доорх баялгаараа дэлхийд дээгүүрт жагсдаг манай улсын хувьд энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тоо сүүлийн жилүүдэд улам бүр өссөөр байна. Үүнийг дагаад уул уурхайн компаниудын түлхүүр албан тушаалтангууд болох уул уурхайн мэргэжилтэнгүүдийн эрэлт хэрэгцээ их байна. Аливаа инженерийн ажил маш их хариуцлагыг дагуулж байдаг тул ажил олгогч нар энэ чиглэлийн мэргэжилтэнгүүдээс мэргэжлийн өндөр ур чадвар хийгээд мэдлэг туршлагыг шаардаж байдаг. Монгол Улсад уул уурхайн чиглэлээр мэргэжил олгодог Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монголын Үндэсний Их сургууль, Үндэсний Техникийн Их сургууль зэрэг тоотой хэдэн сургууль байдаг бөгөөд эдгээр сургуулиудыг төгсөн гарч буй шинэхэн төгсөгчдөөс чадварлаг, мэдлэгтэйг нь авахын тулд ажил олгогч нар хөдөлмөрийн зах зээл дээр өөрсдийн гэсэн ажлын олгогчийн брэндийг бий болгох нь чухал байгаа юм. Үүн дээр үндэслэн миний бие энэхүү судалгааны ажлаараа тус мэргэжлээр төгсөгчид ажилд орохдоо ажил олгогчийн ямар ямар хүчин зүйлүүдийг нь чухалчлан үздэг болохыг илрүүлэх зорилготой байгаа юм.