Хураангуй:
Манай улсын ҮЦЗЗ-ийн хөгжил сул, ҮЦК-уудын санхүүгийн чадавхи муу, үйл ажиллагаа идэвхгүй, үзүүлж буй үйлчилгээ нь хангалтгүй хэмжээнд байгааг холбогдох байгууллагуудын гаргасан тайлан, судалгааны үр дүн илтгэн харуулж байна. ҮЦЗЗ-ийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нэг нь ҮЦК-уудын идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Үнэт цаасны компаниуд иргэд, байгууллагыг үнэт цаасны зах зээлтэй холбох олон төрлийн үйл ажиллагаа явуулдгийн нэг нь брокерийн үйл ажиллагаа юм.
Магистрант миний бие энэхүү судалгааны ажлыг эхлэхийн өмнө “Монгол улсын үнэт цаасны компаниудын брокерийн үйлчилгээний өнөөгийн байдлыг судалж, түүнийг сайжруулах санал зөвлөмж боловсруулах” зорилго тавин дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
• Брокерийн үйл ажиллагаа, үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа, үнэт цаасны компанийн үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлчилгээний дизайн, үйлчилгээг загварчлах аргагүй, үйлчилгээний процессийн зураглал, үйлчилгээний чанарын зөрүүний загварыг онолын хүрээнд судлав. Үүний үр дүнд ҮЦК-ийн брокерийн үйлчилгээг сайжруулах арга замыг боловсруулахдаа үйлчилгээний процессийн зураглалыг ашиглахаар зорив.
• Брокерийн үйлчилгээний процессийг нарийн тодорхойлох, түүнд гарч буй алдаа, дутагдлыг илрүүлэхийн тулд чанарын судалгааны аргыг тохиромжтой гэж үзсэн. Иймд зах зээлийн үзүүлэлтээрээ тэргүүлж буй 9 компанийг салбарын төлөөлөл болгон сонгож, мэргэжилтнүүд болон харилцагч нартай хагас бүтэцлэгдсэн ганцаарчилсан ярилцлага хийх замаар анхдагч өгөгдлийг цуглуулж, түүнийг баталгаажуулах зорилгоор ҮЦК-ууд дээр ажиглалт хийлээ. Хоёрдогч өгөгдлийг СЗХ, МХБ, МҮЦАЭХ-ны тайлангуудаас цуглуулав.
• Анхдагч болон хоёрдогч өгөгдлийг брокерийн үйлчилгээний процессийн зураглалыг загварчилж, үйлчилгээний процесст гарч буй алдаа, дутагдлыг илрүүлэхэд ашиглав. Эдгээр алдаа, дутагдлын эх үүсвэрийг шинжлэх зорилгоор үйлчилгээний чанарын зөрүүний загварыг ашиглалаа. Энэхүү загвараар брокерийн үйлчилгээнд алдаа, дутагдал гарахад нөлөөлж буй эх үүсвэрүүдийг тодорхойлоход нийт 8 эх үүсвэр нөлөөлж байгаа нь харагдав.
• Судалгаа, шинжилгээний дүнг хэмжих, баталгаажуулах зорилгоор экспертийн үнэлгээний “Хүчин зүйлийн ач холбогдлын үнэлгээ”-ний аргыг ашиглалаа. Экспертүүд брокерийн үйлчилгээний алдаа, дутагдлын эх үүсвэр болж буй 8 хүчин зүйлийг ач холбогдлоор нь эрэмбэлсэн болно.
• Судалгааны үр дүн болон экспертийн үнэлгээний үр дүнг ашиглан ҮЦК-ийн брокерийн үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмж боловсрууллаа.