Хураангуй:
Орчин үед эмийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эмийн нэр төрөл олширч байгаа нь эмийг зөв сонгох, оновчтой хэрэглэхэд улам бүр төвөгтэй байдлыг бий болгож байгаа бөгөөд эмч, эм зүйч нар төдийгүй энгийн хэрэглэгчдэд ч үнэн зөв мэдээлэл чухал ач холбогдолтой болж байна.
Эмийн борлуулалтыг өсгөх зорилгоор эмийн төлөөлөгч нар өндөр үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг жоронд түлхүү бичүүлэхээр эмч нарт нөлөөлдөг гэсэн таамаглал иргэдийн дунд өргөн байдаг.
Нөгөө талаасаа энэ төрлийн маркетингийн үйл ажиллагаанд хууль эрх зүйн ямар зохицуулалт хэр үр дүнтэй хэрэгжиж байдаг, хэрэглэгч өвчтөнүүдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж баталгаажуулдаг талаар судалж, “эмч - эмийн төлөөлөгч”-ийн харилцааны асуудлыг дэлгэн тавихаар энэ сэдвийг сонгон авч судалгааг эхлүүлсэн.
Онолын болон салбарын судалгаа хийхдээ анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн баримт бичгийн болон харьцуулалтын аргыг ашигласан. Онолын судалгаанд үндэслэн эмч-эмийн төлөөлөгчийн хоорондын харилцааны зорилгыг тодорхойлж, хүлээгдэж буй үр дүнд хүрэхийн тулд тэрхүү харилцааны мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг оролдлоо.
Үүний тулд гадаад орнуудад хийгдсэн ижил төстэй хэд хэдэн судалгаануудыг судалж, өөрийн орны онцлогт тохирсон судалгааны загварыг бий болгон уг загварын дагуу эмчийн эмийн жор бичих зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, эмч ба эмийн төлөөлөгчийн хоорондын харилцаа, 2 талын хүсэл сонирхол зэргийг харьцуулан судаллаа.
Уг судалгаанд нийт 250 хүн хамрагдсан бөгөөд асуулгын оновчтой байдлыг тандах эхний судалгаанд 47 эмч, эрдэм шинжилгээний бага хурал семинарт оролцогчдын хандлагыг ажиглах 2 дахь шатны судалгаанд 100 эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл болгож 50 эмчийг санамсаргүйгээр сонгон хамруулсан.
Судалгааны явцад 205 эмчтэй уулзаж, судалгаа авсан бөгөөд нийт 30 асуулт бүхий анкетаар хүчинтэй 14525 өгөгдөл цуглуулж, боловсруулалт хийлээ.
Судалгааны үр дүн:
1) Эмч-Эмийн төлөөлөгчийн хамтын ажиллагааны түвшинг 3 улсаар харьцуулан харуулбал,
- Грект – 82,3%
- Кипрт – 81,4%
- Монголд - 70,3%
болох нь анхдагч судалгаагаар тогтоогдлоо.
2) Манай орны хувьд дараах хүчин зүйлс 50%-иас дээш итгэх магадлалтай эмчийн жор бичилтэнд нөлөөлдөг. Үүнд:
a. Эмийн төлөөлөгчийн сөрөг хандлага
б. Эмийн төлөөлөгчийн эерэг хандлага
в. Эмийн сонголт
г. Визитийг сайжруулах санал
д. Бэлэг
е. Борлуулалтыг дэмжих аргууд
ё. Эмийн төлөөлөгчөөс авах мэдээлэл
ж. Интернет
гэсэн 8 хүчин зүйл фактор анализаар тодорхойлогдсон.
3) Судалгаанд оролцогчдын ялгаатай хэв шинж бүхий 2 зан төлөв илэрсэн ба тэдгээрийн онцлог ялгааг ажигласнаар бид:
Мэдрэмтгий, хөдөлгөөнтэй, шинийг эрэлхийлэгчид -78,9%
Мэдрэмтгий бус, удаан хөдөлгөөнтэй, хуучинсаг - 21,1% гэж нэрлэсэн.