Хураангуй:
Аливаа улс орон мэдлэг бий болгох, дэлгэрүүлэх, ашиглахад суурилсан эдийн засгийн нийгэм буюу инновацит нийгэм байгуулахыг зорих болсон нь олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлага болж байна. Энэхүү хөгжил нь өндөр хүчин чадалтай судалгааны техник тоног төхөөрөмж, лаборатори болон өндөр мэдлэг ур чадвартай багш судлаач, мэргэжилтнүүд төвлөрч байгаа их сургууль болон судалгааны байгууллагад түшиглэн явагдаж байна. Тиймээс улс орны хөгжил нь их дээд сургууль, судалгааны байгууллагуудын хөгжил, өрсөлдөх чадвараас ихээхэн хамаарч байдаг.
Их сургуулиудын өрсөлдөх чадварыг тодорхойлох түлхүүр хүчин зүйлсийн нэг нь чадварлаг хүний нөөц юм. Хүний нөөцийн менежментийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт нь байгууллагын алсын хараа, стратеги төлөвлөгөөтэй нягт уялдаа холбоотой байх учиртай. Иймээс мэдлэгийг үйлдвэрлэж, түгээж байдаг их, дээд сургуулиудын хүний нөөцийн менежментийн асуудлыг ул суурьтай авч үзэх нь зүйтэй юм.
Энэхүү судалгааны ажлаар дотоодын их сургуулиудын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааны цар хүрээ, үндсэн чиг үүргийг тодорхойлон, хүний нөөцийн асуудал хариуцсан менежер, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийн, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэхийг зорилоо. Судалгаанд их сургуулийн статустай улсын болон хувийн хэвшлийн нийт 10 сургуулийг хамруулсан болно.