Хураангуй:
Сүүлийн жилүүдэд даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр төр засгийн газрын зүгээс цөөнгүй санал санаачилга гарган хэрэгжүүлж, хувийн секторт үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгалын компаниудын тоо нэмэгдэж, цар хүрээ нь өргөжиж байгаа хэдий боловч даатгалын салбарын хөгжил болон даатгалын салбарын хөгжлийн эдийн засгийн үр дүнгийн гол үзүүлэлтүүдэд ямар нөлөө үзүүлж байгааг тодорхойлох чиглэлээр хийгдсэн нарийвчилсан судалгаа, дүгнэлт төдийлөн хангалттай бус байна хэмээн дүгнэн хэлж болно. Ерөнхийдөө тоймлож гаргасан багц үзүүлэлтүүдээс даатгалын салбарын хөгжлийг илэрхийлэх гол үзүүлэлт болох даатгалын салбарын гүнзгийрэлт манай улсын хувьд 0.6 орчим хувь, харин дэлхийн улс орнуудын дундаж 3 хувь орчим байгаагаас даатгалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, түүний эдийн засаг дахь үр нөлөөг үнэлэх, цар хүрээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, хүртээмжийг өсгөх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх шаардлага байгаа болох нь тодорхой харагдана.
Бид энэхүү судалгааны ажлаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудын санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийг багцлан сонгож, тэдгээрийн даатгалын гүнзгийрэл, нягтрал, тогтвортой байдал, үр ашигт байдал зэрэгдаатгалын салбарын хөгжлийг илэрхийлэх гол үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг Panel төрлийн өгөгдлийг ашиглан тодорхойлохыг зорьсны зэрэгцээ хугацааны цуваа хэлбэртэй тооцож гаргасан даатгалын салбарын хөгжлийг илэрхийлэх үзүүлэлтүүдийн эдийн засгийн өсөлтөд ямар нөлөөллийг үзүүлж буйг дүгнэж тогтоосон болно.
Эцэст нь даатгалын салбарт хамаарах компаниудын үзүүлэлтүүдийг удирдлагын хувьсагчаар сонгон тодорхой санал, дүгнэлт, зөвлөмжүүдийг боловсруулав.