| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын нийгмийн халамжийн төрлүүдийн эрх
зүйн зохицуулалтыг онол, практикийн үүднээс шинжилж, тулгарч буй асуудлыг олон
улсын туршлагатай харьцуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал
боловсруулахад чиглэсэн. Судалгааны ажлын онолын хэсэгт НХтХ болон холбогдох
журмын хүрээнд халамжийн үүсэл, хөгжил, эрх зүйн зохицуулалтыг судалсан бол
судалгааны хэсэгт өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтийг үнэлж, Япон улсын тогтолцоо болон ОУХБ-ын стандартад нийцэж буй эсэхийг харьцуулан шинжиллээ.
Судалгааны үр дүнд манай улсын халамжийн тогтолцоо нь иргэдийн Үндсэн
хуулиар баталгаажсан нийгмийн хамгааллын эрхийг хангаж буй боловч эрх зүйн
ангилал, зорилтот бүлгийн шалгуур болон хэрэгжилтийн механизмын хувьд
тогтолцооны сул талтай байгааг тогтоов. Хуульд заасан халамжийн дөрвөн үндсэн
төрлөөс мөнгөн хэлбэрийн дэмжлэгт хамрагдуулалтын алдаа их байна. Тухайлбал,
хүүхдийн мөнгөн тэтгэмжийг орлого харгалзахгүй олгодог нь хамрагдуулалтын алдаа
гарах эрсдэлийг дагуулж байна. Нөгөөтээгүүр, мөнгөн бус үйлчилгээний хэрэгжилт
хангалтгүй бөгөөд зорилтот бүлгийг тодорхойлдог орлогыг орлуулан тооцох аргачлал нь амьдралын бодит хэрэгцээг бүрэн тусгаж чадахгүй байгаагаас шаардлагатай иргэд
халамжаас гадна үлдэх орхигдуулалтын алдаа үүсгэж байна.
Харьцуулсан судалгаагаар Япон Улсын халамжийн үйлчилгээг мэргэжлийн
корпорациудаар гүйцэтгүүлдэг, зорилтот бүлгийг иргэний чадамжаар ADL ангилдаг уян хатан систем, тарифыг инфляцтай уялдуулан индексжүүлдэг механизм нь манай улсад боломжит шийдэл болохыг тодорхойллоо. Цаашид халамжийн 4 төрлийг нэгтгэсэн механик шалгуураас татгалзаж, төрөл тус бүрийн онцлогт нийцсэн ялгамжтай үнэлгээний аргачлалыг хуульчлах шаардлагатай байна. Мөнгөн тэтгэмжийг тэгшитгэн олгох бус, бодит хэрэгцээнд нь нийцүүлэн орлогыг нөхөх дүнгээр шатлалтай тогтоох, мөн мөнгөн бус үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвшлийн хувьсах зардлыг индексжүүлэх нь тогтолцоог идэвхгүй хэрэглээнээс хүний хөгжлийг дэмждэг идэвхтэй олон улсын жишигт шилжүүлэх суурь нөхцөл болно. |
en_US |