Хураангуй:
Энэхүү судалгаагаар малчны зээл нь малчин өрхийн хэрэглээ, зах зээл дэх оролцоо болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн орцын зардалтай хэрхэн холбогдож байгааг ӨНЭЗС-2024 оны өрхийн түвшний микро өгөгдөлд тулгуурлан үнэлэв. Судалгаанд мал аж ахуй эрхэлдэг, малтай 5,970 өрхийг хамруулж, зээл авсан болон аваагүй өрхүүдийн суурь ялгааг харгалзан үзэхийн тулд эхлээд зээлд хамрагдах магадлалыг ложит загвараар тооцож, дараа нь хандлагын оноогоор тааруулах аргыг ашиглав. Үр дүнгээр малчны зээлтэй өрхүүдийн нийт хэрэглээний зардал ижил төстэй зээлгүй өрхүүдээс 15.7 хувиар, мал аж ахуйн орцын зардал 91.9 хувиар өндөр гарсан. Харин мал, малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтын орлогод нийт түүврийн түвшинд тогтвортой нөлөө илрээгүй. Гэсэн хэдий ч цөөн малтай өрхүүд болон зарим бүс нутагт зах зээлд оролцох суваг илүү тод ажиглагдсан нь зээлийн үр нөлөө өрхийн хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөхцөл, байршлаас хамааран ялгаатайг харуулсан. Иймээс малчны зээлийн бодлогыг зөвхөн зээлийн хүртээмж, олголтын хэмжээгээр бус, өрхийн улирлын мөнгөн урсгал, үйлдвэрлэлийн хэрэгцээ, эрсдэл даах чадвар болон зах зээлд холбогдох боломжтой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэв.
Судалгааны шинэлэг тал нь Монголын малчин өрхийн микро өгөгдөл ашиглан зээлтэй болон зээлгүй өрхүүдийн суурь ялгааг бууруулж, малчны зээлийн боломжит үр нөлөөг хэрэглээ, үйлдвэрлэлийн орц, зах зээлийн оролцоо гэсэн гурван суваг болон дэд бүлгийн ялгаагаар үнэлсэнд оршино. Өмнөх Монгол улсад хийгдсэн судалгаанууд зээлийн эрсдэл, төрийн дэмжлэг, үнэ цэнийн сүлжээнд төвлөрч байсан бол энэхүү ажил өрхийн түвшний үр дүнг квази-туршилтын аргаар үнэлснээрээ ялгарна.