Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь олон улсын ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, индексжүүлсэн малын даатгал, экосистемийн үйлчилгээний төлбөр, тогтвортой хөгжилтэй уялдсан зээлийн загваруудыг харьцуулан судалж, Монгол Улсын нөхцөлд тохирох санхүүгийн механизмыг судлахад чиглэгдэнэ.
Судалгааны арга зүй нь хоёрдогч өгөгдөлд суурилсан баримт бичгийн шинжилгээ, олон улсын харьцуулсан судалгаа, кейс шинжилгээг хослуулсан холимог арга зүйг ашиглаж, Багануур дүүргийг сонгон авсан нутаг дэвсгэр болгон Бэлчээрийн даац тодорхойлох нэгдсэн аргачлалаар (Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, 2019) бэлчээрийн даац болон хүлэмжийн хийн тооцооллыг хийсэн.
Шинжилгээний үр дүнд Багануур дүүрэгт малын тоо зохистой даацаас ойролцоогоор 7 дахин хэтэрсэн нь тогтоогдож, тус нутагт малын тоог 70 хувиар бууруулснаар бэлчээрийн нөхөн сэргэлт болон хүлэмжийн хийн ялгарлын мөн хэмжээний бууралтад хүрэх боломжтойг харуулсан. Эдгээр тоон үзүүлэлтэд тулгуурлан БДТНА-ыг арилжааны банк, даатгалын компаниудын гүйцэтгэлийн гол үзүүлэлт (KPI)-д ашиглах боломжтой болохыг дүгнэж, гурван түвшний санхүүгийн механизмыг — (i) бэлчээртэй уялдсан тогтвортой зээл, (ii) бэлчээрийн нөхөн сэргэлтийн бонд, (iii) экосистемийн үйлчилгээний төлбөр болон IBLI 2.0-ийн хосолсон бүтээгдэхүүнийг — санал болгож байна. Дүгнэлтэд тус судалгаа нь бэлчээрийн тогтвортой ашиглалтыг зөвхөн төрийн бодлого болон олон улсын төслийн хүрээнд бус арилжааны банк, даатгалын зах зээлийн механизмаар дэмжих зам нээлттэй болохыг тогтоож байна. Цаашид тус механизмыг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагч, арилжааны банк, даатгалын байгууллагууд, малчдын хоршооны хамтын оролцоог идэвхжүүлж, БДТНА-ын тоон суурийг бүс нутаг бүрд нарийвчлан гаргах шаардлагатайг зөвлөмж болгож байна.
Тайлбар:
Түлхүүр үгс: тогтвортой бэлчээр ашиглалт, ногоон санхүүжилт, бэлчээрийн даац, индексжүүлсэн малын даатгал (IBLI), экосистемийн үйлчилгээний төлбөр (PES), Тогтвортой хөгжилтэй уялдсан зээл (Sustainability-Linked Loan), уур амьсгалын санхүүжилт, БДТНА, NDVI, нийтийн нөөцийн засаглал.