Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэх магадлалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийн нөлөөллийг эконометрик аргаар үнэлэхэд оршино. Судалгаанд Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны 2015-2023 оны микро өгөгдлийг ашиглан пробит загварын аргаар шинжилгээ хийсэн болно.
Судалгаанд хөдөлмөр эрхлэх магадлалд нөлөөлөх хувь хүний болон өрхийн түвшний хүчин зүйлс болох хүйс, нас, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал, өрхийн ам бүлийн тоо, оршин суух байршил зэрэг хувьсагчдыг сонгон авч үнэлгээ хийсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад боловсролын түвшин хөдөлмөр эрхлэх магадлалд эерэг нөлөө үзүүлж байгаа бол эмэгтэй байх болон өрхийн ачаалал нэмэгдэх нь сөрөг нөлөөтэй гарсан. Мөн хот хөдөөгийн ялгаа нь хөдөлмөр эрхлэх магадлалд статистикийн ач холбогдолтой нөлөө үзүүлж байгааг тогтоосон.
Энэхүү судалгааны үр дүн нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд оролцоог дэмжих бодлогын шийдвэр гаргалтад ач холбогдолтой юм.