Хураангуй:
Коньякны зах зээл нь дэлхий даяар болон Монгол улсад хурдацтай өсөж,
хэрэглэгчдийн тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны эрэлт нэмэгдэж буй энэ үед
брэндийн танигдалт нь худалдан авах шийдвэрт хэрхэн нөлөөлж байгааг судлах
шаардлага зүй ёсоор урган гарч байна. Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь
Монголын коньякны зах зээл дэх брэндийн танигдалт, брэндийн дүр төрх, ойлголт дахь
чанар, брэндийн үнэнч байдал зэрэг хүчин зүйлс нь хэрэглэгчийн худалдан авах
шийдвэрт хэрхэн нөлөөлж байгааг эмпирик байдлаар тодорхойлоход оршино.
Судалгааны хүрээнд Улаанбаатар хотод оршин суудаг, 21-ээс дээш насны, коньяк
хэрэглэж байсан 368 хэрэглэгчийг санамсаргүй түүврийн аргаар тоон судалгааны
аргаар анхдагч мэдээллийг цуглуулсан. Цуглуулсан өгөгдөлд SPSS 26 программ
ашиглан найдвартай байдлын шинжилгээ (Cronbach’s alpha), тодорхойлох статистик,
корреляцийн шинжилгээ, мөн олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээ болон
дисперсийн шинжилгээ (ANOVA) хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнгээр брэндийн танигдалт нь худалдан авах шийдвэрт хүчтэй,
эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан (R² = 0.660). Тодруулбал, худалдан авах
шийдвэрт брэндийн нэрийн таних байдал хамгийн өндөр нөлөөтэй (β = 0.289, p < 0.001)
байсан бөгөөд үүний дараа брэндийн дүр төрх (β = 0.241, p < 0.001), ойлголт дахь чанар
(β = 0.198, p < 0.01), брэндийн үнэнч байдал (β = 0.156, p < 0.05) тус тус эерэг нөлөө
үзүүлж буй нь илэрлээ. Монголын зах зээлд Hennessy брэнд 84.5%-ийн
танигдалттайгаар тэргүүлж байгаа бол, Rémy Martin (71.2%), Martell (58.3%) зэрэг
брэндүүд удаалж байна.
Энэхүү судалгааны дүгнэлтэд үндэслэн коньяк импортлогч компаниуд, тэр дундаа
"Ноён уул эрдэнэ" ХХК зэрэг байгууллагуудад зориулсан маркетингийн оновчтой
стратегийг санал болгосон. Хэрэглэгчид коньяк худалдан авахдаа үнээс илүүтэйгээр
брэндийн нэр хүнд, чанарын баталгаа, нийгмийн статусын нөлөөллийг илүүд үздэг тул
брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь
борлуулалтыг өсгөх үндсэн хөшүүрэг болно.