Хураангуй:
Монгол Улсад жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын шинжтэй
хэрэгжиж байгаа боловч суурь хураамжийг хуулиар тогтмол дүнгээр тогтоосон нь зах
зээлийн нөхцөл байдал, эрсдэлийн өөрчлөлтийг хангалттай тусгах боломжийг
хязгаарлаж байна. Даатгалын эрх зүйн зохицуулалтын үндсэн зорилго нь хохирогчийн
эрх ашгийг хамгаалах, эрсдэлийг санхүүгийн хувьд оновчтой хуваарилах явдал боловч
практикт энэ зорилго бүрэн хэрэгжихгүй байна.
Судалгаанд эрх зүйн догматик арга, статистик шинжилгээ, шүүхийн практик
судалгаа мөн гадаад улсын эрх зүйн харьцуулалтын аргыг хослуулан ашигласан.
Дотоодын эрх зүйн зохицуулалтад Жолоочийн даатгалын тухай хууль, Даатгалын тухай
хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг авч үзсэн. Гадаад улсын
харьцуулалтад АНУ, Герман, Япон, Их Британийн авто даатгалын тариф тогтоох
тогтолцоог судалж, эрсдэлд суурилсан үнэлгээ (risk-based pricing), бонус-малус систем,
актуарийн шударга байдлын (actuarial fairness) зарчмуудыг харьцуулан шинжилсэн.
Судалгааны үр дүнгээс үзэхэд жолоочийн даатгалын суурь хураамжийн тогтолцоо
нь бодит эрсдэлийн ялгааг хангалттай тусгаж чадахгүй байна. Ялангуяа суурь
хураамжийг удаан хугацаанд шинэчлээгүй, эрсдэл багатай болон өндөр эрсдэлтэй
жолоочид ижил түвшний хураамж ногдуулж байгаа нь тарифын шударга бус
хуваарилалтыг бий болгож байна. Мөн бонус-малус механизм сул хөгжсөн, даатгалын
нөхөн төлбөрийн дээд хэмжээ бодит хохирлоос доогуур байгаа, даатгалын субъект нь
бодит эрсдэл үүсгэгч болох жолоочтой бүрэн нийцэхгүй байгаа зэрэг асуудлууд илэрч
байна.
Иймд суурь хураамжийг тогтмол дүнгээр тогтоох зохицуулалтаас татгалзаж,
эрсдэлд суурилсан үнэлгээний аргачлал нэвтрүүлэх, хураамжийг тогтмол шинэчлэх
механизм бий болгох, бонус-малус системийг хөгжүүлэх, нөхөн төлбөрийн хэмжээг
бодит нөхцөлтэй уялдуулах, мөн жолоочид суурилсан даатгалын тогтолцоонд шилжих
шаардлагатай байна. Энэ нь даатгалын тогтолцооны шударга байдал, үр ашиг,
хохирогчийн эрх ашгийг хамгаалах түвшинг сайжруулах ач холбогдолтой юм.