Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь Сүхбаатар дүүргийн Фантам орчимд үйл ажиллагаа явуулж буй кофе шоп хэрэглэгчдийн худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, хэрэглэгчийн зан төлөвт тулгуурласан бодит дүгнэлт гаргахад оршсон. Уг зорилгын хүрээнд хэрэглэгчийн зан төлөвийн онол болон өмнөх судалгаанд тулгуурлан 9 хүчин зүйлсийг багтаасан загвар боловсруулж, 410 хэрэглэгчээс тоон судалгаа авч, SPSS программ ашиглан фактор болон регрессийн шинжилгээ хийсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад байршил, идэвхжүүлэлт, биет орчин, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлс худалдан авах эрмэлзэлд статистикийн хувьд утгатай нөлөө үзүүлсэн бол бүтээгдэхүүн, үнэ, хүний нөөц, үйл явц, эрүүл ахуй зэрэг хүчин зүйлсийн нөлөө батлагдаагүй байна. Харин ярилцлагын судалгаагаар бүх хүчин зүйлсийг ач холбогдолтой гэж үзсэн ч бүтээгдэхүүн, үнэ, эрүүл ахуйг хэрэглэгчид зайлшгүй байх ёстой суурь нөхцөл гэж үнэлж, ялгарах хүчин зүйл биш болохыг онцолсон.
Судалгааны үр дүнгээс дүгнэхэд кофе шоп хэрэглэгчийн худалдан авах эрмэлзэл нь зөвхөн уламжлалт маркетингийн хүчин зүйлсээс бус, харин орчны туршлага, байршил, идэвхжүүлэлт болон амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлсийн нийлмэл нөлөөн дор бүрэлдэн тогтдог байна. Энэ нь орчин үеийн хэрэглэгчийн зан төлөв илүү туршлага төвтэй болж өөрчлөгдөж байгааг харуулж байна.