Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь UbCab такси үйлчилгээний хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон брэндэд үнэнч байх зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, мөн сэтгэл ханамж нь үнэнч байдалд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэхэд оршино. Судалгаанд тоон арга зүйг ашиглаж, Улаанбаатар хотод оршин суудаг, UBCAB такси үйлчилгээ хэрэглэдэг хэрэглэгчдээс асуулгын аргаар нийт 302 түүвэр цуглуулсан. Түүврийг SPSS-26 болон SMART-PLS программ ашиглан найдвартай байдлыг Кронбахын альфа коэффициентоор шалгаж, хүчин зүйлийн шинжилгээ болон бүтцийн тэгшитгэлийн загвар (SEM)-аар таамаглалуудыг шалгасан. Судалгаанд нийт 38 хувьсагчийг хамруулж, шинжилгээний үр дүнд 8 үндсэн хүчин зүйл тодорхойлогдсон бөгөөд эдгээр нь нийт вариацын 61.156%-ийг тайлбарласан.
Шинжилгээний үр дүнгээс харахад хэрэглэгчийн сэтгэл ханамжид жолоочийн ур чадвар хамгийн их нөлөө үзүүлж, жолоочийн харилцаа, аппликейшний хэрэглээ, зорчигчийн хандлага дунд зэргийн нөлөөтэй байв. Харин үнэ болон аюулгүй байдлын нөлөө харьцангуй сул гарсан. Үнэнч байдалд жолоочийн ур чадвар, үнэ болон жолоочийн харилцаа хамгийн хүчтэй нөлөөлсөн бол сэтгэл ханамжийн нөлөө сул байв.
Судалгааны үр дүнгээс дүгнэхэд хэрэглэгчийн үнэнч байдал нь зөвхөн сэтгэл ханамжаас хамаарахгүй, харин үйлчилгээний бодит чанар, үнийн мэдрэмж, жолоочийн ур чадвар зэрэг хүчин зүйлсээс илүү хамааралтай байна. Иймээс UbCab такси үйлчилгээний хувьд үйлчилгээний чанар, жолоочийн ур чадвар, харилцааны соёл болон үнийн бодлогыг сайжруулах нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Түлхүүр үгс: Сэтгэл ханамж, үнэнч байдал, такси үйлчилгээ, SEM загвар, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн зан төлөв