Хураангуй:
Энэхүү дипломын судалгааны ажлаар компанийн хэлбэрийг өөрчлөх (хаалттай хувьцаат компаниас нээлттэй хувьцаат компани болох болон нээлттэй хувьцаат компаниас хаалттай хувьцаат компани болох) эрх зүйн зохицуулалтыг, үндсэн асуудал болох жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалттай холбон судаллаа. Судалгааны хүрээнд компанийн хэлбэр өөрчлөх эрх зүйн үндэслэл, эдийн засгийн ач холбогдол, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн механизм болох хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх болон хувьцааны үнэлгээ тогтоох эрх зүйн зохицуулалтыг судалсан болно.
Судалгааны үр дүнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах суурь зохицуулалт тусгагдсан боловч компанийн хэлбэр өөрчлөх ажиллагааны онцлогт нийцсэн нарийвчилсан зохицуулалт хангалтгүй байгаа нь тогтоогдсон. Ялангуяа нээлттэй компани хаалттай болох үед жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхийн хэрэгжилт, хувьцааны үнэ тогтоох үнэлгээний аргачлал тодорхой бус байгаа нь тэдний эрх ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Иймд судалгааны ажлын хүрээнд өнөөгийн нөхцөл байдлыг судлах үүднээс “Мон Бийф” ХХК болон “Говь” ХК-ийн тохиолдлуудыг судлан дүн шинжилгээ хийж, бусад улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Их Британи, Умард Ирландын Хаант Улсын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, нэгтгэн дүгнэн, санал дэвшүүлсэн болно.