Хураангуй:
Орчин үеийн аялал жуулчлалын зах зээлд аялагчдын чиг хандлага маш их өөрчлөгдөж байгаа бөгөөд үүнд 1997–2012 онд төрсөн Z үеийнхний сонирхол, шаардлага хамгийн ихээр нөлөөлж байна. Энэхүү судалгааны ажил нь нийгмийн үеүдийн хөгжлийн ялгааг онолын түвшинд шинжилж, тэрхүү ялгааг аяллын гарааны бизнест хэрхэн ашиглах боломжтойг бодитоор харуулахад чиглэсэн болно.
Судалгааны онолын суурийг Карл Маннхеймын үеүдийн тухай нийгэм судлалын онол бүрдүүлсэн бөгөөд "Чимээгүй үе"-ээс "Бета үе" хүртэлх долоон үеийг харьцуулан судалж, Z үеийнхний сэтгэл зүй болон хэрэглэгчийн зан төлөвийн онцлогийг тодорхойлсон. Судалгааны арга зүйд тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан хэрэглэж, нийт 138 хүнийг хамруулсан асуулгын судалгааг зохион байгуулав.
Судалгааны үр дүнгээс харахад оролцогчдын 82 хувь нь аяллыг стресс тайлах, дотоод сэтгэлээ сэргээх арга зам гэж тодорхойлсон бол 86.5 хувь нь дижитал хэрэглээнээс татгалзаж, ухаарч тунгаах агуулгатай аяллыг дэмжих байр суурьтай байна. Эдгээр үр дүнд тулгуурлан Хөвсгөл аймгийн чиглэлд эрүүл мэнд, хувь хүний хөгжлийг дэмжих тав хоногийн аяллын хөтөлбөр бүхий "Трансформатив Трэйвэл" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бизнесийн бүтэн загварыг боловсруулав. Монголын дотоодын аялал жуулчлалын зах зээлд Z үеийн залуусын хэрэгцээнд нийцсэн тусгайлсан аяллын гарааны бизнесийн боломж бодитоор оршиж байгааг судалгааны үр дүн нотолж байна.