Хураангуй:
Уг судалгааны ажил нь байгууллагууд нэгдэн нийлэх ажиллагаа хийх үед тулгардаг хүний хүчин зүйлээс хамаарсан асуудлыг шийдвэрлэх аргазүйг боловсруулахад чиглэгдсэн. Байгууллагууд нэгдэн нийлэх үед ашиглагддаг стратегийн төлөвлөлт, худалдан авалтын удирдлага, өөрчлөлтийн удирдлага гэх мэт менежментийн чиглэлүүдээс өөрчлөлтийн удирдлагад төвлөрөн нарийвчлан судалсан. Нэгдэн нийлэх үед байгууллага хэрхэн өөрчлөгдөж, ямар ямар эсэргүүцэлтэй тулгардаг эсэх, түүнийг хэрхэн удирддаг болохыг судлагдсан байдал болон эмпирик судалгаагаар дэмжин нотолсон. Нэгдэн нийлэх ажиллагаанд оролцож буй байгууллага нь (Акерман Андерсоны боловсруулсан загвар ёсоор) өөрчлөлт бий болдог 7 түвшинд бүрэн өөрчлөгддөг бөгөөд байгууллагын бүтэц, соёлын түвшинд өөрчлөлт явагдаж улмаар хувь хүний хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт бий болж эсэргүүцэл зөрчилдөөнийг бий болгодог болохыг онолын судалгаа болон эмпирик судалгаанаас ажиглагдсан. Эмпирик судалгаандаа дотоодын болон гадаадын банкны салбарын нэгдэн нийлэх ажиллагаануудыг кросс кейс шинжилгээний аргазүйгээр судалсан. Дотоодын банкны нэгдэн нийлэх ажиллагааны үед стратеги төлөвлөлт болон худалдан авалттай холбоотой асуудлуудаас илүү хувь хүний эсэргүүцэл, төөрөгдөл нь гол тулгарсан асуудал байсан. Гадаад кейсд дээд удирдлага банкууд нэгдэх үед анхнаас нь өөрчлөлтийг зөв оновчтой удирдан богино хугацаанд өөрчлөлтийг хийж чадсан. Өөрчлөлтийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхэд хувь хүн буюу ажилтнуудын хандлагыг эерэг болгож, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрүүлэх нь чухал болохыг ойлгох шаардлагатай бөгөөд К.Левиний загварын гэсгээх, өөрчлөх үед үүнд төвлөрөх хэрэгтэй. Мөн өөрчлөлт явагдаж эхлэснээс хойш ажилтнууд төөрөгдөлд орж, үүрэг хүлээхээс татгалзах зөрчил бий болдог бөгөөд уг үзэгдэл нь шинэ удирдлага, шинэчлэгдсэн бүтэц болон ажил үүрэг өөрчлөгдсөнөөс үүддэг учир ажил үүрэг, байгууллагын соёл, байгууллагын бүтэц, хувь хүн гэсэн байгууллагын чухал элементүүдийн хоорондын зохицол, нийцлийг байнгын хяналтандаа байлгаж удирдах нь маш чухал юм.