Хураангуй:
Нэгдэн нийлэх ажиллагаа ба түүнийг амжилттай удирдан зохион байгуулах асуудал бизнесийн аль ч салбарт сонирхол татсан чухал сэдэв. Эрдэмтдийн судалснаар нэгдэн нийлэх ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ч бүх асуудлын гол зангилаа Хүн ба түүний хүчин зүйл сэдэвтэй холбогддог болохыг олон төрлийн судалгааны үр дүнгээр батлагдаад байна. МА-ийн түүхийг XX зуунаас эхлэлтэй гэж үздэг бөгөөд анх 1929 онд Америкад хийгдсэн аж. Үүнээс үндэслэхэд МА нь цоо шинэ сэдэв биш юм. Гэтэл энэ сэдвийн хүрээнд Монголын практик дээр үндэслэн хийсэн судалгаа хумигдмал учраас МА хийх гэж буй компаниуд МА-д хэрхэн бэлдэх, юун дээр анхаарах, гол асуудал аль үед гардаг, тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар урьдач мэдээлэл хомс байдаг тул МА оновчтой гэхээс илүүтэйгээр алдаатай хийгдэх, санхүүгийн эрсдэлд орох, энэ нь цаашлаад дампууралд ч хүргэж болзошгүй байдаг. Тиймээс энэ судалгаагаараа олон улсанд амжилттай хийгдсэн 4 кейс (Hansabank болон Lithuanian банкуудын нэгдэл; Deutche ба Bankers Trust банкуудын нэгдэл; Volkswagen-Skoda нэгдэл; Cisco Systems ба Stratacom Inc нэгдэл), суурь онол дээр тулгуурлан МА-ийн хүний хүчин зүйлийг амжилттай хэрэгжүүлэх процессыг боловсруулж, Монголд банкны салбарт хийгдсэн 2 удаагийн (2009 оны Монгол Шуудан болон Хадгаламж банк; 2013 оны Хадгаламж банк болон Төрийн банк) нэгдлийг харьцуулан судалж, хойшид нэгдэн нийлэх гэж буй байгууллагуудад хандан заавар зөвлөмжийг боловсрууллаа.