Хураангуй:
Энэхүү судалгаанд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээрх эрэгтэй, эмэгтэйчүүлийн цалингийн зөрүүг хэмжиж, Ковид-19 цар тахлын үе болон дараах хугацаанд уг зөрүү хэрхэн өөрчлөгдсөнийг тоон аргаар үнэлж, үүсэх шалтгааныг задлан тайлбарлав. Цалингийн зөрүү нь өрхийн орлого, ядуурал, хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх тул бодлого боловсруулахад хэмжилт, шалтгааны тайлбар шаардлагатай байдаг. Судалгаанд Ажиллах хүчний судалгааны 2018, 2020, 2022, 2024 оны давтагдсан огтлолын өгөгдлийг ашиглав. Цалин зөвхөн ажил эрхэлсэн хэсэгт ажиглагддаг тул сонголтын хазайлтыг засах зорилгоор Хекманы хоёр шатлалт загварыг хэрэглэж, Миллсийн урвуу харьцааг цалингийн тэгшитгэлд оруулан үнэлгээ хийв. Судалгааны үр дүнгээр 2018 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү орчим 5% байсан бол 2020 онд 12% болж тэлсэн бөгөөд 2022 болон 2024 онд 20% давсан нь эрэгтэй, эмэгтэйчүүлийн цалингийн ялгаа цар тахлын дараах үед ихэссэн гэдгийг харуулж байна. Мөн Оахака–Блайндерийн задлан шинжилгээгээр цалингийн зөрүүг нөлөөгөөр нь задлан харахад цар тахалтай болон дараах үеүдэд тайлбарлагдах бөгөөд ажил эрхлэж буй эрэгтэй, эмэгтэйчүүдийн нас, туршлага, ажлын салбар гэх мэт хувьсагчуудын ялгаанаас болж өссөн байна.