Хураангуй:
Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт цахим сургалтын платформ, дижитал
хэрэгсэл, онлайн харилцаа эрчимтэй нэвтэрч, багш нар сургалтын агуулга бэлтгэх,
сурагчидтай харилцах, эцэг эхчүүдтэй холбоо тогтоох, тайлан хийх зэрэг ажлыг
технологид тулгуурлан гүйцэтгэх болсон нь тэдний ажлын ачаалал болон сэтгэл зүйн
дарамтыг нэмэгдүүлж, улмаар технострессийн асуудал нь байгууллагын хүний нөөцийн бодит эрсдэл болоод байна. Ийм нөхцөлд багш нарын ажлын сэтгэл ханамж буурах хандлага олон улсын судалгаануудаас харагдаж байгаа тул уг асуудлыг тоон судалгаанд тулгуурлан шинжлэх шаардлага бий болсон. Энэхүү судалгаа нь Монголын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дижитал ажлын орчинд үүсэж буй техностресс нь тэдний ажлын сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохыг зорьсон.
Судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн ерөнхий боловсролын
сургуулиудад ажиллаж буй нийт 388 багш нар хамрагдсан. Анхдагч өгөгдлийг багш
нарын өөрийн үнэлгээнд тулгуурласан бүтэцчилсэн асуумжаар цуглуулж,
технострессийг Tarafdar нарын судлаачдын боловсруулсан техностресс үүсгэгч 5 хүчин зүйлс бүхий хэмжүүр, ажлын сэтгэл ханамжийг Brayfield ба Rothe-ийн ажлын ерөнхий сэтгэл ханамжийн индекс ашиглан хэмжсэн. Өгөгдлийг SPSS програм ашиглан боловсруулж, хүчин зүйлийн шинжилгээ, найдвартай байдлын шинжилгээ, корреляцийн болон олон хувьсагч регрессийн шинжилгээг хийсэн. Хүчин зүйлийн шинжилгээний үр дүнд техностресс үүсгэгч хүчин зүйлс нь бодит өгөгдөл дээр тодорхой илэрч, онолын загвартай нийцэж байгааг харуулсан бөгөөд Cronbach’s alpha -ийн бүх утга 0.7-оос дээш гарсан нь ашигласан хэмжүүрүүд найдвартай болохыг баталсан. Регрессийн шинжилгээгээр технологийн төвөгтэй байдал, технологийн халдлага буюу хувийн орон зай, цаг хугацаанд үзүүлэх нөлөө /ажил амьдралын зааг алдагдах/, технологийн тодорхойгүй байдал зэрэг хүчин зүйлс нь багш нарын ажлын сэтгэл ханамжид статистикийн хувьд ач холбогдол бүхий сөрөг нөлөө үзүүлж буйг харуулсан.
Судалгааны үр дүнгээс харахад техностресс нь багш нарын ажлын сэтгэл ханамжийг бууруулах бодит хүчин зүйл болж байгаа учраас технологийн төвөгтэй байдлыг бууруулахын тулд багш нарт зориулсан дижитал ур чадварын сургалтыг үе шаттай, давтамжтайгаар зохион байгуулах, технологиос үүдэлтэй ажил амьдралын зааг алдагдах асуудлыг зохицуулахын тулд багш нарын амралтын цаг, хувийн орон зайг
хүндэтгэх дотоод журам, цахим харилцааны ёс зүйн зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй. Цаашид энэхүү судалгааны загварыг бусад салбарын дижитал ажлын орчинд технострессийг судлахад ашиглах боломжтой юм.