Хураангуй:
Монгол Улсад халдварт бус өвчин (НCD) нас баралтын 83%-ийг эзэлж, зүрх судасны өвчин (CVD) 44%, хорт хавдар 18%-ийг бүрдүүлж байгаа нь эрүүл мэндийн салбарын томоохон сорилт болоод байна. Эдгээр өвчний эрт илрүүлэлт, оношилгоо нь лабораторийн өндөр өртөгт шинжилгээ (биохими, иммунологи, молекул биологи)-нд ихээхэн хамааралтай боловч аймгийн эмнэлгүүдийн лабораторийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, ашиглалтын менежментийн сул тал нь оношилгооны чанар, хүртээмжид сөрөг нөлөө үзүүлж байна. Энэхүү судалгааны зорилго нь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн лабораторийн өндөр өртөгт шинжилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт ба ашиглалтын менежментийн оновчтой загварыг тодорхойлж, сайжруулалтын санал зөвлөмж дэвшүүлэхэд оршино.
Судалгаанд хосолсон арга зүй ашиглан 8 аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн мэргэжилтэн, тасгийн эрхлэгч эмч нараас өгөгдөл цуглуулж, PESTEL шинжилгээг олон шалгуурт шийдвэрийн шинжилгээний аргаар (MCDA) болон Эмпирик өгөгдлийг үнэ цэний хэлхээн шинжилгээний (VCA) аргачлалаар дүн шинжилгээ хийв. Онолын үндэслэлд Нөөцөд суурилсан хандлага, Гүйлгээний өртгийн онол, Институтийн онол, Системийн онол, Нийт чанарын менежмент зэрэг худалдан авалтын менежментийн онолуудыг судалж, үүнээс Эрүүл мэндийн технологийн менежмент, Мөнгөний үнэ цэнэ, Амьдралын мөчлөгийн нийт өртөг, Үнэ цэнд суурилсан худалдан авалт, Менежмент үйлчилгээний загвар зэрэг олон улсын загваруудыг тодорхойлов.
Эмпирик судалгааны үр дүнгээс үнэ цэний хэлхээний 5 үе шатны үнэлгээ (Likert scale 1-5): Хэрэгцээ тодорхойлох үе шат 3.12/5.0 (хамгийн сул), Худалдан авалт 3.48/5.0, Нийлүүлэлт ба ашиглалт 3.58/5.0, Засвар үйлчилгээ 3.72/5.0, Хяналт ба үнэлгээ 3.85/5.0 (хамгийн сайн) гарч, менежментийн системийн дараах сул талууд илэрсэн. Үүнд:
• Хэрэгцээ тодорхойлох үе шатанд эпидемиологийн өгөгдөлд үндэслэсэн төлөвлөлт дутмаг (2.88/5.0), баримтжуулалт хангалтгүй (2.5/5.0);
• Худалдан авалтын үе шатанд VFM болон TCO зарчмын хэрэгжилт сул (3.12/5.0), нийлүүлэгчийн үнэлгээний систем дутмаг (3/5.0);
• Нийлүүлэлт ба ашиглалтын үе шатанд урвалжийн нийлүүлэлтийн тасалдал (3.62/5.0), тээвэрлэлтийн хүндрэл, хүний нөөцийн сургалтын асуудал (3.75/5.0);
• Засвар үйлчилгээний үе шатанд сэлбэгийн нөөцийн дутагдал (3.25/5.0), засвар үйлчилгээний өртөг төлөвлөлт сул (3.5/5.0);
• Хяналт ба үнэлгээний үе шатанд ISO 15189 стандартын бүрэн хэрэгжилт дутмаг (3.5/5.0), худалдан авалтын үр ашгийн үнэлгээний систем хангалтгүй (3/5.0) тус тус багтаж байна.
Судалгааны үр дүнд үндэслэн 10 санал зөвлөмжийг боловсруулсан бөгөөд эдгээр санал зөвлөмжийг хэрэгжүүлснээр үнэ цэний хэлхээний үнэлгээ дунджаар 3.5-аас 4.3 болж өсөж, тоног төхөөрөмжийн амьдралын мөчлөгийн нийт өртөг 20-30 хувиар буурч, лабораторийн үйлчилгээний тасалдал 50-70 хувиар буурч, зүрх судасны өвчин, хорт хавдрын эрт илрүүлэлтэд шаардлагатай шинжилгээний хүртээмж сайжирч, улмаар халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.