Хураангуй:
Энэхүү судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй телерадиологи үйлчилгээний үнэ цэнийн гинжин хэлхээг тодорхойлж, процессийн зураглалыг гарган, үр ашгийг уламжлалт хэлбэртэй харьцуулан судалснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа дүрс оношилгооны үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний чанар, үр ашигт үзүүлэх нөлөөг тодорхойлох зорилготой. Мөн ДЭМБ-ын “6 баганын цогц үнэлгээ” болон бидний өнөөгийн байдлын судалгаагаар илрүүлсэн тусламж үйлчилгээний тэгш бус байдал, орон нутгийн хүний нөөцийн хомсдол, зорчилт болон зардлаас үүдэлтэй иргэдэд учрах дарамт, хот суурин газар дахь лавлагаа шатлалын төвлөрөл зэрэг тулгамдсан асуудлуудыг бууруулахад телерадиологи үйлчилгээний хувь нэмрийг судлав.
Cэдвийн хүрээнд онолын болоод салбарын судалгааны үндсэн дээр эмпирик судалгааны өгөгдлүүдийг цуглуулахдаа оролцогч талуудаас 2 удаагийн бүтэцлэгдээгүй ярилцлага, орон нутгаас оношилгооны зорилгоор Улаанбаатар хотод ирсэн үйлчлүүлэгчдээс болон телерадиологийн үйлчилгээний дараах сэтгэл ханамжийн асуумжийг 192 хүнээс авч, телерадиологийн үйлчилгээ авсан 2 эмнэлгийн үйлчлүүлэгчдээс 381 шинжилгээний үзүүлэлтийг түүвэрлэн авч тоон болон чанарын судалгаа хийсэн.
Судалгааны үр дүнд телерадиологи үйлчилгээ нь хариу гарах хугацааг 86.3%-иар богиносгож, үйлчлүүлэгчийн цаг хугацаа, санхүүгийн зардлыг 98.46-100%-иар бууруулж, үр ашгийг 85%-иар ихэсгэж, клиник, үйл ажиллагаа, эдийн засаг болон стратегийн чиглэлд үнэ цэнийг одоогийн түвшинээс 138%-иар нэмэгдүүлсэн байна.
Телерадиологийн үйлчилгээ нь орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өндөртэй бөгөөд хууль эрх зүйн орчны зохицуулалт, чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн цаашид тогтвортойгоор өргөжүүлэх боломжтой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг шийдэл гэж үзэж байна.
Түлхүүр үгс: mелерадиологи, үнэ цэнийн гинжин хэлхээ, телерадиологийн үр ашиг, хариу гарах хугацаа, клиникийн үнэ цэнэ, эдийн засгийн үнэ цэнэ.