Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсын орон сууцны үнийн хэлбэлзэл, түүний таамаглалд орчин үеийн технологийн шийдлүүдийг хэрхэн ашиглаж болохыг судалсан болно. Хотжилт, хүн амын төвлөрөл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, үнийн өсөлт тогтмол ажиглагдаж байна. Иймд орон сууцны үнийг нарийвчлалтай, шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр урьдчилан таамаглах нь үл хөдлөх хөрөнгийн салбарын оролцогч талуудын оновчтой шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй. Судалгаанд уламжлалт эдийн засгийн загварчлал болон орчин үеийн машин сургалт, гүн сургалтын аргуудыг ашигласан бөгөөд статистик шинжилгээ, хугацааны цуваа, SWOT шинжилгээ, олон улсын кейс судалгаа, асуулгын арга зүйг хослуулан хэрэглэсэн. Судалгааны үр дүнд орон сууцны үнийн үнэлгээнд хиймэл оюун ухаанд суурилсан автомат системийг нэвтрүүлэх нь ил тод байдал, үнэн зөв мэдээлэл, бодлогын шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлэх боломжтойг харуулсан. Мөн орон сууцны үнийн хэлбэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг хоёр үндсэн бүлэгт хуваан авч үзсэн. Үүнд эдийн засгийн макро үзүүлэлтүүд (ДНБ, инфляци, зээлийн хүү, валютын ханш гэх мэт) болон орон сууцны шинж чанарууд (байршил, дэд бүтэц, насжилт, талбай гэх мэт) багтсан. Судалгааны үр дүн нь орон сууцны үнэлгээний системийг дижиталчлах, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэх шаардлага, боломжийг тодорхойлж байна.