Хураангуй:
Сүүлийн жилүүдэд олон улсын даатгал, давхар даатгалын зах зээлд геополитикийн нөхцөл байдал хурцдаж, Орос-Украины дайн, Ойрхи Дорнод, зарим Африкийн улс орнууд дахь зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь олон улсын давхар даатгагчдын эрсдэл хүлээн авах бодлогод эрс өөрчлөлт авчирч байна. Үүнтэй уялдан дэлхийн зах зээлд давхар даатгалын "хатуу төлөв" (Hard Market) ноёрхож, хураамжийн хувь хэмжээ огцом өсөхийн зэрэгцээ эрсдэлийг сонгомол хүлээн авах (selective underwriting), тодорхой бүс нутгаас татгалзах, хассан эрсдэлийн жагсаалтыг тэлэх, нэмэлт нөхцөл тавих зэрэг хандлага түгээмэл боллоо. Энэ нь ялангуяа хөгжиж буй орны жижиг, санхүүгийн хувьд хязгаарлагдмал даатгалын компаниудын хувьд олон улсын A+ зэрэглэлтэй давхар даатгагчидтай гэрээ байгуулах боломжоор хомсдож, улмаар A болон түүнээс доош зэрэглэлтэй давхар даатгагчидтай ажиллахад хүргэж байгаа нь даатгагчийн төлбөрийн чадвар, гэрээний эрсдэл, хүлээх хариуцлагын бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Иймд энэхүү судалгаагаар Монгол улсын даатгалын компаниудын хувьд олон улсын давхар даатгагчийн зээлжих зэрэглэл нь даатгалын санхүүгийн тогтвортой байдал, төлбөрийн чадвар, гэрээний нөхцөл болон эрсдэлийн удирдлагын үр нөлөөнд хэрхэн нөлөөлж буйг олон улсын туршлага, онолын үндэслэл, тоон болон харьцуулалтын мэдээлэлд суурилан судлахыг зорьж байна. Судалгааны үр дүн нь Монгол улсын даатгалын салбарт давхар даатгалын бодлогыг оновчтой тодорхойлох, зохицуулалтын шаардлагыг шинэчлэх, мөн олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний ач холбогдлыг бодитой үнэлэхэд чухал суурь болох юм.