Хураангуй:
Эх дэлхий анх үүсч бий болсон 4.5 тэрбум жил хугацааг хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн хугацаатай харьцуулахад маш бага хугацаанд хүмүүс бид цэнхэр дэлхий дээр амьдарч байгаа ч асар богино хугацаанд хангалттай их бохирдуулаад амжсан билээ. Амьтадын ертөнцийн хувьд хогийн сав гэж ойлголт байдаггүй нэг зүйлийн хаягдал нь нөгөө зүйлийн хоол хүнс болох замаар жинхэнэ утгаараа тойрог амьдрал эх дэлхийд маань үргэлжилсээр ирсэн.
Бид цаашид түүхий эд, бүтээгдэхүүн, ашиглалт, хог хаягдал гэсэн дараалалтай шугаман эдийн засгийн загварыг удаан хугацаанд ашигласаны үр дүнд асар их дахин боловсруулах боломжтой нөөцүүдийг алдаж, байгаль орчныг маш ихээр бохирдуулсан тул дэлхий нийтээрээ тойрог эдийн засаг руу шилжих шаардлага үүсч байгаа билээ. Тиймээс сүүлийн үед ихэнх хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагууд тогтвортой хөгжлийн тухай, тогтвортой санхүүжилтыг нэн тэргүүнд тавьж аливаа бизнес моделийг тойрог эдийн засагтай уялдсан байх шаардлага тавьдаг, түүнчлэн байгаль орчинд сөрөг нөлөөтэй аливаа бизнесийг санхүүжүүлэхээс татгалздаг болсон нь байгаль орчинд эерэгээр нөлөөлж байна.
Энэхүү судалгааны ажлаар бетон зуурмагийн үйлдвэрт ч тойрог эдийн засгийн зарчмуудад тулгуурласан байгаль орчинд ээлтэй бизнес модель бий болгох боломжтой гэдгийг батлан харуулахыг зорьсон бөгөөд тойрог эдийн засгийн онол, үзэл баримтлал, зарчмуудыг судлаж, салбарын орчны шинжилгээ, гадаад орчны PESTEL шинжилгээг хийж түүнд тохирсон бизнес моделийг бий болгож байгаа юм.
Тойрог эдийн засгийн зарчимд тулгуурласан бизнес төслүүд ирээдүйд үнэ цэнтэй төслүүд болж хөгжих тул байгууллагын стратеги, зорилго зорилтыг ТЭЗ-рүү чиглүүлэх, өөрийн байгууллагын бизнесийн загварыг эргэн харж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.