Хураангуй:
Орчин үеийн хэрэглэгчид байгаль орчны асуудал, хог хаягдлын нөлөөлөлд илүү мэдрэмжтэй хандах болсон нь байгальд ээлтэй хэрэглээг дэмжих шинэ чиг хандлагыг бий болгож байна. Үүний нэг илрэл нь байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүнд илүү ач холбогдол өгч, худалдан авах шийдвэртээ энэхүү хүчин зүйлийг харгалзан үзэх болсон явдал юм. Гэвч Монгол Улсад энэ төрлийн хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалтад нөлөөлдөг хүчин зүйлсийг системтэй судалсан тохиолдол ховор байна.
Иймд судалгааны зорилго нь хэрэглэгчийн байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, эдгээр хүчин зүйлсийн хэрэглэгчийн шийдвэр гаргалтад үзүүлж буй нөлөөллийг судлан, хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн болно. Судалгаанд төлөвлөсөн зан төлөвийн онол (TPB) болон байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг хэрэглэгч хүлээн зөвшөөрсөн үнэ цэн, төлбөр төлөх хүсэл, байгаль орчны асуудалд санаа зовнил, байгальд ээлтэй сав баглаа боодолд хандах хандлага, худалдан авах хүсэл зэрэг хувьсагчийг судалсан.
Судалгаанд Улаанбаатар хотын 18 ба түүнээс дээш насны нийт 385 хэрэглэгчээс google forms-оор асуулгын аргаар мэдээлэл цуглуулсан. Байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчийн ойлголт, хандлага, худалдан авах хүсэл эрмэлзэлд үзүүлэх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорив. Өгөгдөлд SPSS 27.0, Excel 2016 программ дээр үр дүнгийн шинжилгээ хийж санал зөвлөмж боловсруулсан.
Судалгааны үр дүнд хэрэглэгчийн экологийн ухамсар, мэдээллийн хүртээмж, байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүн нь худалдан авах хүсэл эрмэлзэлд хамгийн хүчтэй эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоов. Энэхүү судалгааны үр дүн нь үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагуудад байгальд ээлтэй сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж, эдгээр хүчин зүйлсийн хэрэглэгчийн шийдвэр гаргалтад үзүүлж буй нөлөөллийг судлан, хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулахад оршино.