Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсад хэрэглээний зээлийн өсөлт, бүтэц нь санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байгааг онолын болон эмпирик түвшинд судлахад оршино. Сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн хурдтай тэлэлт нь санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохын тулд улсын хэмжээнд 2014 оны 1-р улирлаас 2024 оны 4-р улирал хүртэлх улирал тутмын өгөгдөл ашигласан.
Санхүүгийн тогтвортой байдлыг хэмжих зорилгоор үндсэн бүрдлийн шинжилгээ (PCA) ашиглан индекс байгуулсан бөгөөд энэхүү индекс нь банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгө/нийт активын харьцаа, чанаргүй зээлийн хэмжээ, зээл/хадгаламжийн харьцаа, хөрвөх чадвар зэрэг гол үзүүлэлтүүд дээр үндэслэсэн. Үндсэн бүрдлийн шинжилгээнд оруулсан хувьсагч бүрийг нормчилсны үндсэн дээр индексийг тооцсон бөгөөд үүссэн индекс нь цаг хугацааны хувьд санхүүгийн тогтворгүй байдалтай холбоотой мөчлөгүүдийг мэдрэхүйц илэрхийлж байгааг харуулсан. Уг гаргасан индексийг хамаарах хувьсагч болгон ашиглаж хэрэглээний зээлийн зөрүү, хэрэглээний зээлийн өсөлт гэсэн гол хувьсагчидтай хамт вектор авторегресс (VAR) болон вектор алдаа засварлах загвар (VECM) загвараар шинжилгээ хийв.
Гранжер шалтгаан тогтоох тестээр хэрэглээний зээлийн зөрүү нь богино хугацаанд санхүүгийн тогтвортой байдалд статистикийн утгатай эерэг нөлөөтэй болох нь илэрсэн бол Жохансений коинтеграцийн шинжилгээгээр эдгээр хувьсагчдын хооронд урт хугацааны хамаарал оршин буйг тогтоов. Үр дүнгээр хэрэглээний зээлийн өсөлт нь урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөт хандлагатай болохыг харуулсан. Энэхүү судалгаагаар хэрэглээний зээлийн зах зээлийн тэлэлтийг урт хугацаанд хяналттай удирдах шаардлагатайг харуулж байсан.