Хураангуй:
Энэхүү cудалгааны ажлаар Монгол Улсын ЭХ-ийн 22.1 дүгээр зүйлээр зохицуулсан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, түүний олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцэж буй байдал, мөн хууль хэрэглээний бодит байдал болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, онол-практикийн үндэслэлтэйгээр үнэлэхийг зорьсон болно. Нийтийн албан тушаалтны авлигын эсрэг олон улсын зохицуулалтын хүрээнд, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 19 дүгээр зүйл болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенцын 8 дугаар зүйлд зааснаар, эрх мэдлээ урвуулан ашиглах нь гэмт хэргийн бүрэлдэхүүнд тооцогдохын тулд зөвхөн хууль бус үр дагавартай байхаас гадна санаатайгаар үйлдэгдсэн байхыг шаарддаг. Монгол улс эдгээр олон улсын гэрээнд нэгдэн орсон бөгөөд уг зарчмуудыг эрүүгийн хуульд тодорхой хэмжээгээр тусгасан боловч хууль хэрэглээний түвшинд зүйлчлэлийн тодорхой бус байдал, тайлбарын ялгаа нь хэрэг бүртгэгч, прокурор, шүүхийн байгууллагын шийдвэрт зөрүүтэй хандлага үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Уг гэмт хэрэгт хохирол үүссэн байх шаардлага тавьдаггүй бөгөөд үйлдлийн хэлбэр, зорилго зэргийг үндэслэн бүрэлдэхүүнд тооцдог. Энэ нь хүний эрх зөрчигдөх, хууль хэт өргөн хэрэглэгдэх эрсдэлийг дагуулж болзошгүй юм. 2022 оны 12 дугаар сард ЭХ-ийн 22.1 дүгээр зүйлд тусгасан нэмэлт, өөрчлөлтөөр хорих ялын хугацааг уртасган, торгуулийн ялыг хассан нь ялын бодлогыг чангатгасан үзүүлэлт болов. Энэ нь хөнгөн хэлбэрийн хэрэгт уян хатан шийтгэл оногдуулах боломжийг хязгаарлаж байна. Иймд энэхүү судалгаагаар уг гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлийн оновчтой байдал, эрх зүйн зохицуулалтын олон улсын жишигтэй нийцэж буй эсэх, мөн хууль хэрэглээний бодит байдалд үүсэж буй зөрчлийг системтэйгээр судлан, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал, дүгнэлт дэвшүүлсэн болно.