Тайлбар:
Монгол улсын хувьд Донорын тухай хууль анх 2000 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018, 2022 зэрэг онуудад шинэчлэн найруулж өнөөдрийг хүртэл хэрэгжиж байна. Донорын тухай хуулиар донор, реципиент болон тэдгээртэй холбогдох эрх үүргийг нарийвчлан тодорхойлж тусгасан байдаг. Монгол улсын хувьд анх бөөр шилжүүлэн суулгах мэс ажлаас эхлэн элэг, бөөр, арьс шөрмөс, чөмөг зэрэг эрхтэн эд эсийг шилжүүлэн суулгах ажилбарийг амжилттай хийгээд байгаа билээ. Манай улсын хувьд дэлхийн жишгийг даган амьд донороос илүү амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг илүүд үзээд байна. Хэдийгээр өөр нэгэн хүний амь насыг аварч байгаа боловч тухайн амьд донорын амьдралын чанарт муугаар нөлөөлөх боломжтой юм. Иймд амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах нь манай орны төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн боломжит хувилбар болоод байна. Гэсэн хэдий ч амьгүй донорыг олж тогтоох, тэдгээрийн ар гэрээс зөвшөөрөл авах зэрэг нь томоохон асуудлийн нэг юм. Мөн түүнчлэн эд эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх жагсаалтад байгаа иргэдийн хувьд донор олдохгүй байх төдийгүй монгол улсын хэмжээнд тухайн эмчилгээнд зориулсан тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгсэл зэрэг нь ховор хомс байгаа нь дараагийн нэг анхаарах ёстой зүйлсийн нэг билээ.
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь донорын эрх зүйн субьект болох амьд болон амьгүй донор мөн хүлээх жагсаалтад байгаа реципиент нарын эрх, үүрэг тэдгээрт тулгамдаж буй асуудлыг олж тогтоох тухайн асуудлын үүсэл шалтгааныг тодруулж дээрх асуудалд байж болох боломжит шийдэл гаргалгааг гаргах бөгөөд ингэхдээ өндөр хөгжилтэй улс болох БНСУ болон Турк орнуудын туршлагаас суралцах өөрийн оронд хэрэгжүүлэх боломжит зүйлсийн олж энэ талаар санал дэвшүүлэх мөн өөрийн орны хууль тогтоомж болон тухайн улсын хууль тогтоомжыг харьцуулан судлаж үүн дээрээс санал зөвлөмжийг боловсруулсан болно.