Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь “Нээлттэй платформ ашиглан аялал жуулчлалын мэдээллийн хүртээмжийг сайжруулах боломж: Google Maps-ийн жишээн дээр” сэдвийн хүрээнд хийгдсэн болно. Судалгааны зорилго нь Google Maps платформыг ашиглан аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг хэрхэн илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ойлгомжтой, үнэн зөв байдлаар хүргэх боломжийг судлахад оршино.
Судалгааны аргачлалд ажиглалт, фокус ярилцлага, туршилтын арга (нэг байгууллагын мэдээллийг шинэчлэх) болон хэрэглэгчдийн оролцооны судалгаа багтсан. Үүний үр дүнд мэдээллийн чанар, хэрэглэгчдийн оролцоо, үнэлгээ, сэтгэгдэл болон технологийн шийдлийн ач холбогдлыг харьцуулан дүгнэв.
Судалгаагаар Google Maps нь зөвхөн зам заах бус аялал жуулчлалын мэдээллийг нэг дор төвлөрүүлж, бизнесүүдийн маркетинг, хэрэглэгчийн үнэлгээ, үйлчилгээний сайжруулалтад чухал үүрэгтэй болохыг баталлаа. Монгол Улсад энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг илрүүлж, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хэрэглэгчдийн идэвхийг нэмэгдүүлэх санал, шийдлүүдийг боловсрууллаа.