Хураангуй:
Монгол Улсын эдийн засагт Уул уурхайн салбарын гадаадын шууд хөрөнгө оруулалт нь томоохон байр суурийг эзэлдэг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувь, төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 85-90 хувийг уулын уурхайн салбар дангаараа эзэлж байгаа юм. 2018 оноос 2023 оны хооронд хийгдсэн экспортын 82 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үүний 36 хувь буюу 16.8 тэрбум ам.долларыг гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн экспорт эзэлж байгаа юм.
Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, үүнийг дагаад түлш шатахууны хэрэглээ нэмэгдэж байна. Дизель түлшний импорт 2023 оны гүйцэтгэлээр 1,110.1 сая ам.долларын 1,347.0 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 150.3 сая ам.доллар буюу 15.7 хувиар, биет хэмжээгээр 365.0 мян.тн буюу 37.2 хувиар тус тус өссөн байна. Дотоодын үйлдвэрлэл байхгүй бүрэн гадны импортоос хамааралтай байх нь түлшний нийлүүлэлт тасалдахад эдийн засгийн чухал салбаруудад нөлөөлж хүнд байдалд орох эрсдэлтэй байдаг.
Дээрх уурхайнуудын борлуулалтын орлогоос харвал 1 өдөрт түлшний нийлүүлэлтийг саатуулснаар тухайн уурхайд 3 тэрбум хүртэл төгрөгний борлуулалтын алдагдал үүсэх боломжтойг харж болохоор байна. Нийт уул уурхайн салбарт түлш шатахууны нийлүүлэлт тасалдсанаас үүсэх алдагдал нилээдгүй өндөр дүнтэй байх ба үүнийг саяхан буюу 2023 оны сүүлээр ОХУ-ын засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний экспортыг хориглох тухай тогтоол гарснаас МУ-д үүссэн нөхцөл байдал харуулсан билээ.