Хураангуй:
Монгол Улсад цахилгаан автомашин (ЦА) худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, эдгээр хүчин зүйлсийн ач холбогдол, харилцан үйлчлэлийг шинжлэх, улмаар бодлого болон бизнесийн шийдвэр гаргахад үндэслэлтэй мэдээлэл өгөх зорилготой. Судалгааны онолын үндэс суурийг Төлөвлөсөн зан байдлын онол (TPB), Технологийг хүлээн зөвшөөрөх загвар (TAM), Инноваци нэвтрэлтийн онол (DOI), Эрсдэлийн ойлголтын онол (PRT) зэрэг зан төлөв, технологийн нэвтрэлтийн чиглэлийн онолуудад тулгуурлан боловсруулж, эдийн засаг, технологийн итгэлцэл, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлс, бодлогын орчин, цаг уурын онцлог зэрэг өргөн хүрээний хувьсагчдыг Монголын нөхцөлд тохируулан сонгон авсан.
Судалгаанд 314 оролцогчийг хамруулан асуулгын аргаар анхдагч өгөгдөл цуглуулж, Лайкертийн шаталбар ашиглан нийт 33 асуултаар мэдээлэл авлаа. Цуглуулсан өгөгдөлд Хүчин зүйлийн шинжилгээ (EFA), Баталгаажуулсан хүчин зүйлийн шинжилгээ (CFA), Бүтцийн тэгшитгэлийн загварчлал (SEM) зэрэг статистик аргыг ашиглан TPB болон TAM-ийн хүрээнд таамаглалуудыг шалгасан. Дэвшүүлсэн 15 таамаглалын дагуу өгөгдөл шинжилж, бүгд батлагдав.
Судалгааны үр дүнгээр байгаль орчин, нийгмийн дэмжлэг, технологийн итгэлцэл, хэрэглэхэд хялбар байдал, ашигтай байдал, засгийн газрын дэмжлэг, дэд бүтэц, мэдээллийн хүртээмж зэрэг эерэг хүчин зүйлс нь худалдан авах эрмэлзлийг нэмэгдүүлдэг бол батерей, засвар үйлчилгээний эргэлзээ, санхүүгийн эрсдэл зэрэг сөрөг хүчин зүйлс нь эрмэлзлийг бууруулж байгааг тогтоосон. Цаг уурын онцлог, урт хугацааны эдийн засгийн үр ашиг зэрэг нь худалдан авах шийдвэрт харьцангуй бага боловч статистик ач холбогдолтой нөлөө үзүүлж байна.
Эдгээр үр дүн нь бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, дэд бүтцийн байгууллагуудад хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, засвар үйлчилгээний сүлжээг бэхжүүлэх, санхүүгийн эрсдэл багатай орчныг бүрдүүлэх, төрийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэнэ. Ийнхүү энэхүү судалгаа нь цахилгаан автомашины зах зээлийг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хэрэглэгчдэд таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн онолын болон практик ач холбогдолтой шинэ мэдлэг, мэдээлэл бий болгосон болно.