Хураангуй:
Орчин үед дэлхийн улс орнуудад компаниуд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, илүү үнэ цэнийг бий болгох зорилгоор гарааны компанийг хөгжүүлэх талаар чухалчлан авч үзэх болжээ. Томоохон компаниудыг эдийн засагт үзүүлэх нөлөө өндөр байгаа хэдий ч, инновацад суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эдгээр гарааны компаниуд ирээдүйд үзүүлэх нөлөөлөл нь ихэснэ. Тиймээс энэхүү судалгаагаараа манай улсад хэрэгжиж буй гарааны бизнесийн эрх зүйн зохицуулалт, түүнчлэн гарааны бизнесийн татварын эрх зүйн орчныг тодорхойлж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн холбоо хамаарлыг түүхчлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулалтын аргуудыг ашиглан хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны бүтээлдээ Гарааны бизнесийн үүсэл хөгжил, олон улсын чиг хандлага болон Монгол улс дахь өнөөгийн нөхцөл байдлыг тусгахыг зорилоо. Судалгааны хүрээнд Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд удаагүй байгаа журмыг шинжлэн судлах замаар зохицуулалтын хувьд дэвшилттэй болон ойлгомжгүй зүйл заалтыг тодруулан дүн шинжилгээ хийсэн билээ. Улмаар тус дүн шинжилгээний үр дүнд тулгуурлан зарим тодорхойгүй асуудлуудыг нарийвчлан судлахын сацуу манай улсад хэрэгжүүлж болохуйц өөр онцлог зохицуулалтыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Итали зэрэг гарааны бизнесийн хувьд сайн зохицуулалттай орнууд, мөн Монгол улсын нэгэн адил хөгжиж буй орнуудаас Бүгд Найрамдах Казахстан улсын гарааны бизнесийн зохицуулалтын хүрээнд судлан сайн туршлагыг санал дэвшүүлэх байдлаар судалгааг боловсруулсан.