Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Монгол улсад өсвөр насны хүүхдүүдийн холбогдсон гэмт хэргийн гаралт, түүний өсөлтийн шалтгаан, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн болно. Судалгааны зорилго нь өсвөр насныхны гэмт хэрэгт өртөх нөхцөл байдлыг үнэлж, эрх зүйн орчин, нийгмийн хүчин зүйлс, цахим орчны нөлөөг гүнзгий судлах, үүнээс үндэслэн үр дүнтэй санал дэвшүүлэх явдал байлаа.
Монгол улсад 2011-2023 оны хооронд өсвөр насныхны үйлдэх гэмт хэргийн гаралт тасралтгүй өссөн байх ба үүнд цахим орчин дахь гэмт хэрэг, тэр дундаа цахим залилан болон хүний эрүүл мэндийн эсрэг үйлдлүүд голлож байна. Гэмт хэргийн шалтгаан нь нийгмийн хүчин зүйлс, цахим орчны нөлөө болон боловсролын хүртээмжээс хамааралтай байна.
Судалгаагаар гадны улс орны туршлагыг судалсан ба тэдгээр улс орнууд сэргээн засах төв, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгэмд эргэн нэгтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр өсвөр насныхныг гэмт хэргээс ангид байлгах, урьдчилан сэргийлэх үр дүнд хүрч байна.
Монгол улсад өсвөр насныханд холбогдох гэмт хэргийн өсөлтийн шалтгаан нь эрх зүйн зохицуулалт, боловсролын хүртээмж, цахим орчны хяналт сул байгаатай холбоотой байх ба энэ нь нийгмийн орчин, боловсролын салбарын хяналт, дэмжлэгийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.