Хураангуй:
Даатгалын салбар нь санхүүгийн зах зээлийн тулгын гурван чулууны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд даатгалын зах зээл хөгжихийн хэрээр эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна. Монгол улсын хувьд даатгалын зах зээл нь 1934-1990 он хүртэл улсын даатгалын нэгдсэн системээр үйл ажиллагаа явуулж байсан бол зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн хэвшлийн даатгалын компаниуд хөгжсөөр одоо ердийн даатгалын 15, амьдралын даатгалын 2, давхар даатгалын 1 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Хөгжлийн хувьд даатгалын гүнзгийрэлтийн дэлхийн дундаж 7.16% байхад Монгол улсын даатгалын гүнзгийрэлт 0.63% байна. Мөн даатгалын нягтралын дэлхийн дундаж хэмжээ нь 927$ байхад манай улсын хувьд 25$ оногдож байна. Дээрх үр дүнгүүдээс харахад Монголын даатгалын салбарын хөгжлийн түвшин хоцрогдолтой байна.
Дижитал хувьсгал нь эдийн засгийн хөгжлийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг гэдэг нь бидний өдөр тутамд харагдаж байна. Дэлхий нийтээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал явагдаж дижитал шилжилт хийгдэх болсонтой холбоотойгоор эдийн засгийн бүхий л салбарууд тэр дундаа санхүүгийн салбарт технологийн хөгжил хурдацтайгаар явагдаж байгаа ба даатгалын салбарт энэ шилжилтийн хурд чамлалтай байна. Даатгалын салбарт нөхөн төлбөр, андеррайтинг, гэрээний удирдлага, харилцагчийн үйлчилгээ зэрэг гар ажиллагаатай процессоор дүүрэн байдаг. Олон улсад 2025 он гэхэд даатгалын салбарын 25% нь хиймэл оюун ухаан болон машин сургалтын техникийн ачаар бүрэн автоматжуулна гэж Mckinsey мэдэгдсэн. Монголын даатгалын салбар 10 гаруй жилийн өмнөөс дижитал шилжилт хийж байгаа ч дижитал шилжилт ямар түвшинд явж байгаа, ямар асуудлууд байгаа гэдгийг тодорхойлсон судалгааны ажлууд байхгүй байна.
Тиймээс тухайн салбарын дижитал шилжилтийн бэлэн байдлыг үнэлж, тулгарч буй гол асуудлуудыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг зорив.