Хураангуй:
Энэхүү судалгааны гол зорилго нь удирдагч болон дагалдагчийн хэв маягуудыг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хүрээнд, мөн түүнчлэн нас, хүйсийн хувьд тодорхойлж статистикийн ач холбогдолтой ялгаа байгаа эсэхийг олж илрүүлэх явдал юм. Бүх байгууллагын хувьд үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад удирдагч болон дагалдагч нар чухал ач холбогдолтой билээ. Тус судалгааг удирдагч болон дагалдагчийн хэв маягийг бүх төрлийн байгууллагад ажилладаг гүйцэтгэх түвшний ажилтнууд болон дунд түвшний менежерүүдээс дагалдагчийн хэв маягийг тодорхойлох 20 асуулт бүхий асуулга, удирдагчийн хэв маягийг тодорхойлох 30 асуулт бүхий асуулга ашиглан цахим хэлбэрээр 447 хүний түүвэртэйгээр зохион байгуулсан. Дагалдагчийн хэв маягийг тодорхойлохдоо профессор Роберт И.Келлигийн (1992) загварчилсан асуулгыг ашигласан бол удирдагчийн хэв маягийг тодорхойлохдоо профессор Стелларын загварчилсан асуулгыг ашиглсан юм. Судалгаанд хамрагдсан нийт дагалдагч хүмүүс өөрсдийн шууд удирдлагаа ихэвчлэн дарангуйлагч болон дэмжигч хэв маягтай гэж үзсэн хэдий ч нас, хүйс болон ажилладаг байгууллагаасаа хамааран удирдагчийн хэв маягууд ялгаатай байна. Мөн түүнчлэн судалгаанд хамрагдсан нийт дагалдагч хүмүүс өөрсдийгөө “үлгэр жишээч” хэв маягтай гэж дийлэнх нь үзсэн хэдий ч хүйс болон ажилладаг байгууллагаасаа хамааран дагалдагчийн хэв маягууд ялгаатай байна. Судалгааны үр дүнд дарангуйлагч хэв маягтай удирдагч уламжлалт хэв маягтай дагалдагчийг, ардчилсан хэв маягтай удирдагч хөндийрсөн хэв маягтай дагалдагчийг, дэмжигч хэв маягтай удирдагч үлгэр жишээч хэв маягтай дагалдагчийг ихэвчлэн дагуулдгийг олж харж болно.