Хураангуй:
Хувьцааны зээлээр борлуулалтын үйлчилгээ нь олон улсын зах зээл дээр явагддаг ба хөрөнгө оруулагчид үнийн бууралтаас ашиг хийх зорилготойгоор уг үйлчилгээг ашигладаг. Түүнчлэн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хөгжлөөс нь шалтгаалан хувьцааны зээлээр борлуулалтын үр ашиг харилцан адилгүй байдаг ч гэсэн уг үйлчилгээг нэвтрүүлснээр зах зээл дээр нийтлэг хэд, хэдэн үр ашгийг бий болгож байна. Тухайлбал уг үйлчилгээг ихэвчлэн мэдээлэлд суурилсан арилжаачид ашигладаг учраас зах зээл дээр хувьцаа нь хэт үнэлэгдсэн компаниудын хувьд үнийг засварлах хэрэгсэл болж компанийн засаглалыг сайжруулах, зах зээл дээр хувьцааны хөрвөх чадварт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх, эрсдэлээ удирдах зорилготойгоор хедж хийх боломжуудыг тус, тус олгодог. Одоогоор Монголын хөрөнгийн зах зээлд уг үйлчилгээтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй учраас богино хугацаанд нэвтрүүлэх боломжгүй ч гэсэн, олон улсын судалгаа, туршлага дээр үндэслэн зохицуулагч байгууллага нь үнэт цаасны компанид хяналт тавьж, дүрэм журмыг боловсруулснаар урт хугацаандаа уг үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй компаниудын хувьцааны үнийн хэт үнэлэлтээс сэргийлэх, компанийн засаглалыг сайжруулах, зах зээл дээр үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үнэт цаасны компанийн үйлчилгээг төрөлжүүлснээр хөрөнгө оруулагчдыг татах, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох боломж үүсэх эерэг үр дүнтэй байна. Тиймээс уг үйлчилгээг хөрөнгийн зах зээл дээр орших нь зүйтэй гэж үзэж байна.