Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа уул уурхайн хувьцаат компаниудын дотоод комплаенсын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлт бүхий үнэлгээний шкалаар үнэлж, дүгнэлт өгөх юм. Судалгаанд нийт 16 компани хамрагдсан бөгөөд үүнээс Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 10, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 6 компани хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнг илүү бодит болгох үүднээс нэмэлтээр 123 уул уурхайн хувьцаат компанийн ажилтнуудаас комплаенс соёл хэр тогтсон талаарх тандалтын судалгааг авсан.
Судалгааг “Нью-Йорк”-ийн их сургуулийн дэд ерөнхийлөгч, Глобал комплаенсын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан одоо “Guidepost” олон улсын компанийн зөвлөх Robert F. Roach хэмээх комплаенсын чиглэлээр олон жилийн туршлагатай эрдэмтний “Compliance maturity model”-Комплаенсын төлөвшлийн загвараар үнэлсэн болно. Уг төлөвшлийн загвар нь Америкийн Нэгдсэн Улсын “Federal Sentencing Guidelines for Organizations” (FSGO) - “Байгууллагад ял шийтгэл оногдуулах Холбооны Удирдамж”-ийн дагуух элементүүдээр комплаенсын төлөвшлийг үнэлдэг. Энэхүү загвар нь комплаенсын 5 элементийн хүрээнд 5 түвшинд үнэлдэг.
Судлаачийн зүгээс Монгол улсын системийн хэмжээнд болон байгууллагын комплаенсын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн үе шатнаас нь хамааруулан байгууллагын түвшин бүрт нь тохирсон зөвлөгөөг хүргэхийг зорьсон бөгөөд системийн хэмжээнд эхний ээлжинд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг комплаенсын дүрэм, журам хяналттай болгох, шинээр хувьцаа гаргаж буй компаниуд нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхэд дээрх шалгуурыг тавьдаг болох цаашлаад комплаенсын талаар нэгдсэн нэг ойлголттой болох, мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх, сургалт семинарыг тогтмол зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй юм.
Харин нэгэнт комплаенсын хяналт, бүтцийг хэрэгжүүлээд эхэлсэн компаниудын хувьд олон улсын комплаенсын хөгжилтэй хөл зэрэгцэн үйл ажиллагаагаа илүү автоматжуулах, нэгдсэн нэг програмтай болж хүний үйл ажиллагааг багасгаж эрсдлээс илүү хамгаалах чиглэл рүү явах нь зүйтэй юм. Дөнгөж комплаенсын хэрэгжилтийг нэвтрүүлж буй болон огт нэвтрүүлээгүй компанийн хувьд комплаенсын дотоод дүрэм журмыг бий болгож, орон тооны мэргэжилтэнтэй болж ажилтнуудад комплаенс соёлыг тогтоох нь нэн түрүүний алхам юм.