Хураангуй:
Монгол улсад даатгалын салбар хөгжөөд 80 гаруй жил болж байгаа хэдий ч урт хугацааны даатгалын байгууллага ганц л байдаг. Амьдралын даатгал нь ердийн даатгалыг бодвол хүний санхүүгийн эрсдэлийг даатгаж, ирээдүйд эрсдэл учрахад нөхөн төлбөр авах нь тодорхой байдгаараа онцлогтой. Хөгжингүй улсуудын даатгалын салбарын бүтцэд урт хугацааны даатгал нь ихэнх буюу 50-иас дээш хувийг эзэлдэг бол манай улсад дөнгөж 2.5%-ийг эзэлж байна. Монгол улсын амьдралын даатгалын хөгжлийн түвшинг олон улсын жишгээр гүнзгийрэлт, нягтрал гэсэн үзүүлэлтүүдээр хэмжиж үзэхэд гүнзгийрэлт(Нийт хураамжийн орлого/ДНБ) нь 0.0034% байгаа ба энэ нь олон улстай харьцуулахад 5-10 дахин бага үзүүлэлт юм. Мөн нягтрал(Нийт хураамжийн орлого/Хүн ам) нь 385₮ буюу 0.14$той тэнцэж байхад дэлхийн дундаж нь $1000-$3000 орчим байдаг. Амьдралын даатгалын хөгжил нь даатгалын харилцаанд оролцогч талууд болох даатгагч, даатгуулагчдад төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол үзүүлдэг хэдий ч Монголд маш бага хувийг эзэлж байгаа нь зайлшгүй хөгжих ёстой салбар гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс иргэдийн амьдралын даатгалд хандах зан төлөвийн судалгаа хийж хүртээмжийг нэмэгдүүлэх арга боловсруулахын тулд 240 иргэнээс судалгаа авч олон улсын судалгаатай харьцуулан дүгнэлт, санал, зөвлөмж бичсэн болно.