Хураангуй:
Амжилттай ажиллаж буй байгууллагыг тодорхойлох нэг гол үзүүлэлт нь удаан оршин тогтнох чадвар бөгөөд дээд удирдлагын стратегийн чиг баримжаатай менежментийг хэрэгжүүлэх явдал нэн чухал. Стратегийн удирдлага бол компанийн урт хугацааны зорилго, үйл ажиллагааны хүрээний ойлголт юм. Технологийн салбарын шинэ нээлтүүд, өрсөлдөгч нарын шинэ бүтээгдэхүүн, төрийн байгууллагын шинэ бодлого, журмууд, хэрэглэгчдийн хэрэглээнд гарах шинэ өөрчлөлтүүд нь стратегийн урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад тэр бүр оновчтой тусгагдах нь ховор бөгөөд хүндрэлтэй болсоор байна. Иймд стратегийн замын зураглал буюу стратеги, гүйцэтгэлийн хоорондох холбоосын тусламжтайгаар оновчтой шийдэх боломжтой. Энэ нь байгууллагын стратегийн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацааны хүрээнд хүргэх ёстой гол үр дүнг дүрслэн харуулдаг ба юуг, яагаад гэдгийг тодорхойлдог. Харин гүйцэтгэлийн төлөвлөгөө нь хэрхэн хийхийг тодорхойлдог. Тиймээс стратегийн алсын харааг хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллага юуг өөрчлөх ёстой, яагаад өөрчлөх шаардлагатай байгааг стратегийн замын зураглалын тусламжтай тайлбарлах хэрэгцээ үүсэж байна. Энэхүү дипломын ажлын хүрээнд дотоодын номын зах зээлд цахим платформ дээр үйл ажиллагаа явуулдаг “М НЭМЭХ” компанийн 2021-2023 оны стратегийн замын зураглалыг онолын судалгаа, байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа, салбарын өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох судалгаа, оролцогч талуудын хүлээлтийг тодорхойлох судалгаа, салбарын өрсөлдөөний нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа зэргийг хийх замаар боловсрууллаа.